ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх:
-2025 оны зургадугаар сарын 2-нд ДЦС-3-т гарсан ослын уршгийг арилгах, станцыг бүрэн сэргээн босгох зорилгоор нийт 5 багц ажил төлөвлөгдөн, Засгийн газраас санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
105 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй эдгээр ажлын 3 багц нь өвлийн оргил ачааллын өмнө бүрэн дуусах ёстой бөгөөд одоогоор гүйцэтгэл 90 хувьд хүрээд байна. Эдгээр 3 багц ажлыг бүрэн дуусгаснаар станц нь өнгөрсөн жилийн оргил ачааллын үеийн эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд, цахилгааны хувьд 50 хувийг нийлүүлэх боломжтой болно. Харин дутагдалтай байгаа цахилгааныг шинэ эх үүсвэрээс хангана.
Үлдсэн хоёр багц ажлыг ч мөн ирэх өвлийн оргил ачааллын өмнө дуусгахаар төлөвлөсөн бөгөөд сэргээн босголтын ажил амжилттай урагшилж байна.
Иймд энэ өвөл цахилгаан хязгаарлалт хийхгүй. Хэрэв эрчим хүчний хэрэглээ бидний тооцоолсон хэмжээнээс давахгүй бол эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах боломжтой гэдгийг салбар яамнаас мэдээлсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна