ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг цагдаагийнхан уржигдар орой Тайландын хууль сахиулах байгууллагынхнаас шилжүүлэн авлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.Алтан-Очир нарын хамтаар өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон юм. Улмаар тэр шөнөдөө “Чингис хаан” нисэх буудлаас онгоцны тийз худалдан авч хилээр гарч зугтсан байдаг. Улмаар хууль сахиулах байгууллагаас Б.Амарсайханыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байршлыг нь тогтоосон бөгөөд БНСУ-аас Тайландад очсоныг ч баримтжуулж авсан аж. Тэрбээр Тайландад очоод эмнэлэгт хэвтсэн байхад нь тус улсын хууль сахиулах байгууллагынхан албадан гаргах ажиллагаа явуулж, манай талд хүлээлгэн өгсөн гэнэ. Гэхдээ Б.Амарсайханыг цагдан хориогүй, ар гэрийнхэн батлан даалтаар авч явсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Уг нь түүнийг хилээр орж ирмэгц нь цагдан хорих шүүгчийн захирамж гарсан талаар хэвлэлүүд бичиж байсан ч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлээгүйг баттай эх сурвалжууд хэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Б.Амарсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ямар нэг санал гаргаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна