Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтад 2026 оны улсын төсвийн төсөлд 43.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчнийг чадваржуулах, хүүхдэд элэг, бөөр шилжүүлэн суулгахад шаардлагатай шинэ технологи нэвтрүүлэх бага төхөөрөмжийг шийдвэрлэхэд 9.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдлийг 20-25 хувь бууруулах боломжтой гэж тооцоолжээ.
Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2024 онд 40 тэрбум төгрөгийг төсөвлөж байв. Нийт 140 тэрбумын төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байна. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.
Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.
Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө тус эмнэлгийн даргаар сайд асан Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна