Нийслэлийн хэмжээнд 2025 онд явган зам шинэчлэлийн хүрээнд 83 мянган ам.метр талбайг байгалийн боржин чулуугаар шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд ажиллалаа.
Тэрбээр “Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор 2025 оны төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байна. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил буюу дулааны шугам, сүлжээг шинэчлэх ажил 85 гаруй хувьтай. Авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажил 90 гаруй хувьтай. Борооны ус зайлуулах, шугам хоолой, үерийн далангийн ажил 95 гаруй хувьтай байна. Мөн 83 мянган ам.метр явган хүний зам талбайг шинэчилсэн бөгөөд нийт төлөвлөгөөний 50 орчим хувийг гүйцэтгээд байна. Үлдсэн явган хүний зам талбайн ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж дуусгана” гэв.
Явган хүний зам шинэчлэлийн ажлын явцын талаар НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөөнд ажил гүйцэтгэж буй “Бадрах Инженеринг” компанийн гүйцэтгэл 66 хувь, Саппорогоос Баруун 4 зам хүртэл “ТАСО” ХХК-ийн гүйцэтгэл 48 хувь, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл “Сант-Өндөр” ХХК-ийн гүйцэтгэл 32 хувь, Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэлх явган замын ажлын гүйцэтгэл 93 хувь, Их Монгол, Олимпын гудамжны шинэчлэлийг “Эс Эл Сити” компани гүйцэтгэж дуусгасан. Бусад байршилд ажлын явц 25-50 хувьтай үргэлжилж байна” гэлээ.
Мөн долоо хоногийн дотор хуулсан зам талбайг шинэчилж дуусгах, шинээр зам, талбайг хуулахгүй байх чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна