Багш нарын цалингийн нэмэгдлийг УИХ эцэслэнэ

Admin
2025/09/03

Боловсролын Яамнаас багш нарын цалингийн бүтцийг шинэчилнэ гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан.

Тэгвэл багш нарын ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гарчээ. Боловсролын сайдын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга өчигдөр энэ талаар "Багш нарын цалин, ялангуяа нийслэлд шинээр ажилд орж буй багшийн цалин маш бага байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд шинээр орж байгаа багш 1,484,000, цэцэрлэгийн багш 1,559,000 төгрөгийн цалинтай байна. Энэ багш эхний бараг таван жилдээ нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлс гэж авахгүй. Орон нутгийн нэмэгдлээс үүдэлтэйгээр байршлаас хамаарсан буюу нийслэлийн багш нар хөдөө, орон нутгийн багш нараас цалин багатай байна. Энэ нь нийслэлд амьдралын өртөг ихтэй байхад цалин нь бага байгаа нөхцөлийг үүсгэжээ.
Таван төрлийн нэмэгдэл, мөн таван төрлийн нэмэгдэл хөлсний үүдэлтэйгээр залуу багш ба салбартаа олон жил ажилласан туршлагатай багш хоорондын цалингийн зөрүү өндөр байгаа зэрэг байдлыг харгалзан шийдлийн саналыг боловсрууллаа.
Үүнд
1. Үндсэн цалинг тодорхой хувиар нэмэгдүүлж, цалингийн бүтцийг өөрчилнө. Доктор, профессорын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, кабинетын нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд шингээх
2. Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг 50 хувиар бууруулж, үндсэн цалинд шингээх
3. Анги дүүргэлтийн ачааллыг илүү цагт шилжүүлж нэмэгдэл хөлс тооцох зэрэг санал бий.
Үндсэн цалинг 10-50 хувиар нэмэгдүүлэхэд төсөвт ямар ачаалал ирэх талаар харгалзах тооцооллыг хийсэн. Тухайлбал 25 хувиар нэмэгдүүлэхэд цалингийн нийт төсөвт ирэх ачаалал нь 21.7 хувиар өснө. Үүнд 556.3 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 1,855,000, цэцэрлэгийн багшийн цалин 1,948,750 төгрөг болох боломжтой. Бид цалинг нэмэхэд гарах төсвийн үр дагаврын тооцооллыг хувилбар бүрд хийж, Боловсролын сайдад хүргүүллээ.Эцсийн шийдвэрийг УИХ гаргана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна