УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл болон боловсролын байгууллагын ажилтнуудын хамт мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар болон О.Номинчимэг нар: “Электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг, улсад ямар нэгэн татвар төлдөггүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг мэдээллийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ) албан ёсоор няцааж, залруулга гаргалаа.2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэчлэлээр дараах өөрчлөлт оржээ.
"Нэг удаагийн электрон тамхи, түүний шингэн болон картриж: Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн” гэсэн ангилалд багтсан" гэжээ.
Иймд электрон тамхи, түүний хэрэгсэл нь ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн мэдээлэл ташаа болохыг Гаалийн ерөнхий газар онцолжээ. Электрон тамхи нь олон улсын барааны ангиллын дагуу тодорхой кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгдэж, холбогдох татвар, төлбөр нь хуулийн дагуу ногдуулж буйг мэдэгдэв.
Мэдээлэл хүргүүлэх тухай
Монгол Улс “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн тухай конвенц”-д 1991 онд нэгдэн орж 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Конвенцид нэгдэн орсон хэлэлцэн тохирогч талууд нь БТКУС-ийн тухай Конвенцийн 16 дугаар зүйлийн дагуу барааны ангиллын жагсаалтдаа Дэлхийн гаалийн байгууллагаас оруулах нэмэлт, өөрчлөлтийг тусгаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг.
БТКУС-ийн Жагсаалтад Дэлхийн гаалийн байгууллагаас 5 жил тутамд нэмэлт, өөрчлөлт оруулдаг бөгөөд Конвенциор хүлээсэн үүргийн дагуу “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн нь 2022 оноос өмнө дараах байдлаар ангилагдаж байсан:
· Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи болон электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь Зүйл 38.24-т,
· Олон удаа цэнэглэж хэрэглэх зориулалттай электрон тамхи нь Зүйл 85.43-т тус тус хамаарч байсан.
Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Дэлхийн гаалийн байгууллагаас оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь Зүйл 38.24-т ангилагддаг байсан электрон тамхийг шинээр нэмэгдсэн Зүйл 24.04-т ангилахаар болж дараах зохицуулалт хийгдсэн. Тухайлбал:
· Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи, электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн”,
Электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025.08.29
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна