Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэдэг мэдээлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлснээ танилцуулж байна.
Цаг агаарын мэдээг өнгөрсөн 100 жилийн турш тоон аргаар мэдээлж ирсэн. Уламжлалт мэдээллийн зэрэгцээ орчин үеийн технологийн боломж, хэрэглэгчдийн хүлээлтэд нийцүүлэн цаг агаарын үндсэн мэдээллүүдийг хиймэл дагуулын зурагтай нэгтгэж, бодит цагийн мэдээллийг нээлттэй эхээс, эх хэл дээрээ газрын зургаас үзэх бололцоог бүрдүүллээ.
Үзэгдэл, температур, даралт, салхины хурд, чиглэлийг үүл, үер, аюултай үзэгдэл, хуурайшилтын мэдээтэй сонгосон байршилд, хүссэн байдлаараа давхцуулан харах боломтой болсон гэсэн үг.
Удахгүй манай салбарт нэвтрэх дараагийн үеийн суперкомпьютер болон радарын сүлжээний мэдээллүүд нэмэгдсэнээр илүү олон бүтээгдэхүүн хүргэхээр төлөвлөж байна.
ЦУОШГ-аас бусад эх сурвалжуудын ашиглаж буй дэлхийн хэмжээний загварын үр дүнгүүд нь газрын бүх станцын мэдээг ашигладаггүй, орон нутгийн газарзүйн онцлог, уул зүйн нөлөөллийг сайтар тооцдоггүй, торын алхмын нарийвчлал ихтэй /9-55 км/ зэрэг учир дутагдалтай байдаг. Иймд та бүхнийг үндэсний цаг уурын байгууллагынхаа мэдээллийн эх сурвалжийг ашиглаж байхыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна