“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна

Admin
2025/08/28

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн  404 хүүхдийн нэрийг зарлаж байна.

Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.

Жагсаалтад багтсан хүүхдүүд МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоотоос болон 99949945, 99889379 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

Монгол Улсын сум, хороо тус бүрээс шалгарсан хүүхдүүдийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна