Хурдаа биш хариуцлагаа нэмье:
Сүүлийн жилүүдэд Монголын хот суурин газарт цахилгаан дугуй, скүүтер ялангуяа суррон зэрэг тээврийн хэрэгслүүд эрчимтэй нэмэгдэж, залуусын дунд трэнд болоод байна. Харамсалтай нь энэ хурдацтай өсөлт нь зам тээврийн осол, гэмтэл бэртлийн тоог огцом өсгөж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд болон цагдаагийн газраас анхааруулж байна.
Цахилгаан скүүтэр, дугуй нь одоогоор “Замын хөдөлгөөний тухай хуулинд тодорхой ангилалгүй, жолооны үнэмлэх шаарддаггүй, техникийн үзлэгт хамрагддаггүй” зэрэг нь дээрх тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийг хэтэрхий дураараабайдалд хүргэж байна. Гэтэл эдгээр тээврийн хэрэгслүүд 60-90км/цаг хурдлах чадвартай бөгөөд моторт тээврийн хэрэгсэлтэй ижил ослын эрсдэл дагуулдаг. Ялангуяа “суррон” нь мотоциклоос дутахгүй хурдтай цахилгаан хэрэгслийг13-16 насны хүүхдүүд ч хялбархан авч хамгаалалтын хэрэгсэлгүй жолоодох нь түгээмэл байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хянах, тээврийн хэрэгслийн аюулгүй хэрэглээний талаарх мэдээллийг өгч байх нь чухал юм. Мөн сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ухуулах ажил хийх хэрэгтэй байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-д цахилгаан дугуй, скүүтэртэй холбоотой 600 гаруй осол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Тэдний дийлэнх нь 15-25 насны залуус , ихэнх нь хамгаалалтын малгайгүй, дүрэм зөрчсөн байдлаар осолд оржээ.
Цахилгаан дугуй, скүүтэр бол ногоон ирээдүйн шийдэл байж болох ч зөв хэрэглээ, хариуцлагатай хандлага, зохицуулалт үгүй бол амь нас, эрүүл мэндийг заналхийлсэн аюул болж хувирч байна. Үндэсний хэмжээнд анхаарч, бодит зохицуулалт хийх цаг хэдийнэ болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна