Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг “Max mall” худалдааны төвийн зам дагуу М:1 чиглэлийн автобус шатсан. Нийтийн тээвэр шатсан ослын шалтгааныг одоогоор бүрэн тогтоогүй байгааг албаныхан мэдээллээ. Улмаар нийтийн тээвэрт явж байсан энэ төрлийн 11 ширхэг цэнхэр урт автобусыг хэрэглээнээс гаргах шийдвэр гаргажээ. Тус автобус 2025 оны арванхоёрдугаар сард ашиглах хугацаа нь дуусах байсан ч осол гаргасны улмаас энэ зургадугаар сард урт цэнхэр автобусыг үйлчилгээнээс гаргаж өөр чиглэлд дахин ашиглах боломжгүй болгожээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1094 нийтийн тээвэр 06:00-22:00 хүртэл иргэд олон нийтэд чиглэлийн дагуу үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.
Тус нийтийн тээврийг БНХАУ-ын “Youyng bus” компаниас 11 ширхгийг 20 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Цэнхэр урт автобуснууд 125 хүнээс дээш тооны хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байв.
Дашрамд дурдахад, Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2020 оноос хойш хийж, нийтийн тээврийн хэрэгслийн 90 хувийг шинэчилсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна