Нийслэл, орон нутгийн авто зам гүүрний ажлын Тендерийн ихэнхийг авдаг "Мотор сервис" ХХК-ний захирал Д.Доржбат​

Admin
2025/04/29

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой Яармагийн шинэ гүүрийг тойрсон авлига, тендерийн асуудлууд ил болоод буй. Энэ асуудалд тендерт ялсан “Мотор сервис”ХХК болон тухай үеийн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын албан тушаалтнууд яригдаж буй. 2022 онд нийт 780 метр бүхий дөрвөн хэсэг төмөр бетонон гүүрийг барихад 78,9 тэрбум төгрөгийн тендер зарлахад таван компани өрсөлдөж “Мотор сервис” ХХК  ялсан.

Гол нь тендерт оролцсон хоёр компани нь “Мотор сервис” ХХК-иас бага үнийн санал өгсөн боловч тэдний саналаас даруй 2,8 тэрбумаар илүү үнэ хэлсэн “Мотор сервис” ХХК-н ялсан байгаа юм. Үүнээс гадна Гүүрийн эхлэл болон төгсгөлд хийгдэх газар шорооны ажлыг “Тотал инж” ХХК авсан бөгөөд тус ажлын санхүүжилт болох  741,743 сая төгрөгийг Нийлслэийн Замын хөгжлийн гараас “Мотор сервис” ХХК-д давхардуулан өгснийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос шалгаж тогтоосон байдаг.

Газар шорооны ажлыг "Тотал инж” ХХК гүйцэтгэх гэрээтэй атал ямар учраас “Мотор сервис” ХХК руу давхардуулан шилжүүлээд, өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан төлөхгүй байхад хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. 700,000 биш 700,000,000 төгрөг шүү дээ.

Анх 2022 оны 5 дугаар сарын 20-нд  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Мотор сервис” ХХК-тай гэрээ хийхдээ гүүрийн барилга угсралтыг “Мотор сервис” ХХК, авто замын барилга угсралтыг “Тотал инж” ХХК хийж гүйцэтгэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Удаа дараа шалтаг тоочиж, гэрээгээ зөрчиж, “Мотор сервис” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж  хойшилсоор хоёр жил гаруйн дараа нээлтээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд хүлээлгэж өгөлгүй, нэмэлт зардлууд нэхэмжилсээр суудаг гэх Мөн 780 м гүүрээсээ 150 м гүүр нь  дутчихсан аж. Төсөвт өртгөө тооцоолж гаргаж өгөхдөө 17 тэрбум төгрөгийн тооцоог гаргаж өгсөн баримт нь  байсаар байхад харин гүүр нь ор сураггүй алга болчихсон нь гайхалтай.

Зам гүүрийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дөрвөн хэсэг бүхий 780 метр урт төмөр бетонон гүүр нь  хоорондоо салшгүй холбоотой хийгдэх байтал 150  метр нь ор сураггүй алга болсон гэх. Хамгийн ноцтой нэг зүйл бол 2023 оны 7 дугаар сард болсон үерийн улмаас урссан түр зам болон байгууламжийн эвдрэлийг засварласан хэмээн арматур хэлхээсийг нэмэлтээр оруулсан байна. Ингэхдээ нэмэлт арматур хийгдсэн эсэх, хаана ямар хэмжээтэй, хэрхэн орсон талаар дэлгэрэнгүй тооцоолол мэдээлэл огт байхгүй байгаа юм. Гүүрийн гол багана бол арматур хэлхээсүүд бөгөөд даац болон голын урсгалын хүч, хурдыг тооцоолж, хамгийн чанартайг хийх ёстой байдаг. Хэрэв гүүр нурвал олон хүний амь эрсдэх аюултай.

Нийслэлийн дотоод аудитын холбооноос гаргасан дүгнэлтэд, “Мотор сервис” ХХК-тай холбоотой цөөнгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд  одоогоор акт тавьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлсэн юм. Тэрээр Яармагийн гүүрний тендер зарлах болон барих ажил эхлэх үед  Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын албан тушаалыг хашиж байгаагүй бөгөөд 2024 оны 9 дүгээр сард  тус ажлыг хүлээж авсан бөгөөд 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрээр Яармагийн шинэ гүүрийн төсөлтэй холбоотой асудллыг тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргасан, бидний хувьд одоо хяналт шалгалтын шатандаа явж байна гэсэн юм.

Мотор сервис ХХК-ний хувьд Нийслэл, орон нутгийн авто зам гүүрний ажлын тендерийн ихэнхийг авдаг бөгөөд одоогийн байдлаар 23,925,568,719 төгрөгийг Төрийн сангаас авсан байна.  Мөн нийслэлээс 6,444,660,946 төгрөг тус тус авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна