УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаан хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлын төвд байсан. Учир нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн бөгөөд уг асуудлыг 2025.04.24-ны хуралдаанаар хэлэлцэж, тус хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй гэх шийдвэрт санал нэгдсэн юм. Тэгвэл энэхүү хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор сэтгүүлчид мөн үзэл бодлоо илэрхийлж эхэллээ.
Тухайлбал Сэтгүүлч Ө.Дэлгэрцэцэг онцлохдоо: Шинэчлэн батлах гэж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль
Сэтгүүлзүй хийгээд энэ салбарынхаа ирээдүйг харж зөвлөлдөхгүй бол бүгд эрх ашгаа хангана гэвэл урагшлахгүй.
- Хууль зүйн яам дээр болсон хэлэлцүүлэгт очсон сэтгүүлчийн хувьд
1. Хэвлэл мэдээллийн байгууллага санхүүгийн тайлангаа жилийн эцэст нээлттэй мэдээл гэснийг хасуулах санал гаргасан. Хассан байна лээ.
2. Эх сурвалжийг нууцлана. Гэхдээ ийм ийм заалтад хамаарах бол шүүхэд эх сурвалжаа хэлнэ гэснийг хасуулах санал өгсөн. Хассан байсан.
Энэ хуулийн өөрчлөлт хамаарах талуудын оролцсон хэлэлцүүлгээс санал, хүсэлтийг аваад зассан хувилбар буюу УИХ хэлэлцэж буй хуулийн төслийн 6.5 болон 6.7 бол хэвлэлийн үйлчилгээг тендерээр олгоно. Энэ заалт биднийг хамгийн том хагарал, мууд хүргэж магадгүй.
Хэл ам хурц, салбарынхаа зөрчлийг ил гаргачихдаг / Ардчилсан нам шиг/ манай салбарт хооронд нь өрсөлдүүлж сонгоно гэдэг бол гал дээр тос хийхтэй адил. Тендер зарлах гээд байгаа гол шалтгаан бол манай салбарын үнийг унагах.
Хямд үнэ ялдаг шалгуур нь чанараас алсарч аливаа ажлыг “гурилдах” зам руу гулсуулсан. Төрийн бүх ажил тендерээр яваад өөдөлсөн түүх нэгийг ч болов мэдэх үү. Битүү эрх ашиг, хэлбэр төдий сонгон шалгаруултын цаана жинхэнэ төгс хуйвалдаан л байдаг.
Нөгөө талд Тендерийн хуулиар ялагдсан тал шүүхэд хандвал:
- Ялсан тал нь ажлаа авч чадахгүй, мөнгөгүй, шүүхийн маргаантай
- Зарласан тал нь ажлаа хийлгэж чадахгүй, шүүхийн маргаантай
- Ялагдсан нь шүүхэд хандсан гээд салбар дотроо хорхойтой араанд
Тэгээд ч удахгүй Тендерийн хуулийг өөрчилнө. Яаж ч чангарч мэднэ гэх мэт.
Хамгийн ноцтой нь төрийн байгууллагуудын хэвлэлийн төсөв хөрөнгө болон тендер зарлах журмыг “төр” тогтооно гэдэг бол үе үеийн “төр” биднийг санхүүгээр хянана, хяхна гэсэн агуулга байж магад.
Түүнчлэн хөрөнгө оруулагч эзэн редакцтай гэрээ хийнэ гэсэн заалт. Гэтэл гэрээндээ маш бүрхэг, тойруу томъёоллоор эзэндээ эх сурвалжаа хэлнэ гээд оруулчихвал, шинэ сэтгүүлч түүнийг нь ухаж ойлгохгүйгээр гэрээнд гарын үсэг зурвал бандан тас… юун эх сурвалж нууц гэх мэт.
Энэ хуулийн төслөөр Хэвлэлийн зөвлөлд маш их гомдол очдог болно. Цаашид Хэвлэлийн зөвлөл агуулгаараа маш нөлөөтэй том болох зам нээгдэнэ. Гэтэл зөвлөл нөлөөнд автахгүй байж чадах уу, захиалгаар хэвлэлийн байгууллагад алдаа тохвол яах уу гэх мэт сайн бодох, эргэцүүлэх юм их байна.
Намайг Парламент телевизэд байхад шинэ сэтгүүлч үйл явдлын мэдээнд явсан. Тэгээд очсон хэлэлцүүлэг дээр нэг ээж хүүгийнхээ асуудлыг ярьж, манай сэтгүүлч заалнаас гаргаад та сая ярьсан юмаа ярьж болох уу гэж. Ээж яриа өгсөн. Гэтэл мэдээ гарсны дараа хүү нь хувийн асуудлыг нь ярилаа гээд ээждээ уурлаад бөөн юм болсон байгаа юм. Сандарсан ээж хэвлэлийн зөвлөл бас ХЭҮК-д хандсан. Зөвлөл манайхыг алдаа гаргасан гэж дүгнэсэн. Би ерөнхий редактор нь байсан тул хариуцлага хүлээсэн. Заалнаас гарч ирээд яриа өгье гээд камерын өмнө микрофон дээр яриа өгсөн эх сурвалж миний яриаг зөвшөөрөлгүй гаргасан гэхэд л бидэнд алдаа өгдөг мэргэжлийн зөвлөл. Мэдээнд явж үзээгүй хүний л зовлон байхдаа гэж зөвлөлийг цагаатгаж бодоод би буруудаад үлдсэн
гэх мэт олон асуудал бий. Одоо иргэн биш дарга даамлууд, төр засаг, цагдаа, тусгай эрхтэй байгууллагууд, олон улсынхан, донорууд, үндэсний том олигарх компаниуд зөвлөлд гомдол мэдүүлж, хандана гэдгийг санах, бодох хэрэгтэй. Тэгэхээр нухацтай бодох л асуудал.
Тиймээс хэвлэлийн бид маш сайн зөвлөлдөөд хувийн, зөвхөн өөрийн харж байгаа, хөндөгдөх эрх ашгаа шингээх гэж биш бидний мэргэжил, ажил, амьдрал болсон сэтгүүлзүйгээ, итгэж сонсдог, дэмжиж хамгаалан, шүүмжилж шавхуурддаг иргэдээ, ирж яваа ирээдүйн сэтгүүлчдээ, хөрөнгө гаргаж хөгжилд нэмэр болох хөрөнгө оруулагчдаа бодож хуулийн өөрчлөлтөд саналаа хэлээсэй гэж хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна