Бидний цаг үеийн суут туурвигч, Бурханч лам Г.Пүрэвбат бээр Аглаг бүтээлийн орноо цогцлоон бүтээж Монгол эх орондоо үлдээгээд нирваан дүрийг олоод хэдийн дэлхий тэнхлэгээ бүтэн нэг тойрчээ.
МУУГЗ, Бурханч л лам, Бурхан зургийн мастер, доктор Г.Пүрэвбат агсан нь 20 насандаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэж,үргэлжлүүлэн Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги мөн Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшсэн юм.
Ингэж тэрээр бурхны зургийн мастер болж 200 орчим бурханы сонгомол шүтээн зургийн бүтээл, бурханы сонгомол тиг болон зураасан зургийн бүтээл 80 аад сонгодог шүтээн зургийн бүтээл, 30 гаруй шуумал, шавар бурхан, зээгт наамал, цутгамал сийлбэрийн бүтээл туурвихын зэрэгцээ, урлах ухааны онол аргачлалын 70-аад эх зохиолыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулж, “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс” \2005\, Бурханы шашны сүм, дуганы урлал, чимэглэлийг сэргээн амилуулах Монгол уламжлалт арга ухааны гарын авлага бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны тавугаарр сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007 оны арваннэгдүгээр сард цугларан ирж, МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгаж байсан түүхтэй. Үүгээр түүний алдар гавьяа дуусахгүй. Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон юм.
Бурханч лам бээр Бурхан урлалын бүх төрөл, уламжлал, өв соёл, Буддын шашны урлаг судлал, танин мэдэхүй, музeй, ном хэвлэл гээд маш өргөн хүрээтэй үйлс бүтээсэн бөгөөд бүтээлийн дөч орчим боть ном болно гэж тооцож эмхэлж байсан билээ. Эхний 11 боть нь хэвлэгдэн гарсан ч олдошгүй эрдэнэ болжээ. Үлэмж өв бүтээл амжаагүй ажил цаана нь буй бөгөөд түүний 2 охин өдгөө аавынхаа захиасыг биелүүлж Аглаг бүтээлийн хийддээ амьдарч буй.
Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байдаг. Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвисан юм. Түүний Аглаг бүтээлийн хийдийн туурвилууд бурханч ламын ур ухаан билгүүн туурвилыг зуу,зуунд хүргэх нь лавтай.
Бидний цаг үеийн суут туурвигч, Бурханч лам Г.Пүрэвбатын оюун санаа үеийн үед мөнх амьдрах бизээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна