Л.Оюун-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв

Admin
2025/03/29

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2025.03.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр,  эх дэлхийнхээ насыг уртасгах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна. Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна гээд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хор хохирлын талаар тоочлоо. Тэрбээр, хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим бүс нутагт хүн амыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байгаа тухай, гуравдугаарт, биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж, экосистемийн тэнцвэр алдагдаж байгаа талаар сануулаад олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгааг онцолсон юм.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ,  2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ хэмээн тодотгоод Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийг нээж өгч буй талаар,  уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд чухал үүрэгтэй “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлж эхэлж байгаа тухай мэдээллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг 2019 онд баталж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.8 сая тонн нүүрстөрөгчтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн тухай танилцуулаад энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулахын ач холбогдлыг онцлоод уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган ирж, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхмууд хийх цаг болсон. Энэ агуулгаар улс төр, хууль тогтоох байгууллагын анхааралд уг асуудлыг оруулах зорилгоор Засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна” гэлээ. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийг төлөөлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нар үг хэлэв. Тухайлбал,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,  Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд бүтээлчээр дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудалд урт хугацааны тогтвортой бодлоготой байх шаардлагатай ба үүнтэй холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал зөвлөмжийг танилцууллаа. Санал, зөвлөмжид, Монгол Улс 2035 он хүртэл эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30.0 хувьд хүргэх зорилт тавьсан. Тиймээс хөрөнгө оруулалтын бодит боломж, сэргээгдэх эрчим хүчний тариф болон сэргээгдэх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоход төсөвт үүсэх дарамт зэргийг нягтлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ойн болон халаалт, дулааны зэрэг технологид инновац нэвтрүүлэх, урамшуулах бодлогыг түлхүү баримтлах, цаашлаад хувийн хэвшлийн оролцоог хангахад түлхүү анхаарах шаардлагатай байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь бүх дэлхий, бүс нутаг, улс үндэстний нийтийн асуудал тул хүрээлэн буй орчиндоо хандах иргэний эерэг хандлагаас төрийн тулхтай бодлого, хэрэгжилт хүртэлх бүх шатанд санаачлага гарган ажиллах шаардлагатай байгааг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ахин сануулж байна гэв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь ИЗНН-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар үг хэллээ. Тэрбээр,  байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж буй хүний буруутай үйл ажиллагааг бууруулах, таслан зогсоох нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол, байгалийн гамшгийн эрсдэлд өртөж болзошгүй субъектүүдийн хамгаалах, үүсэж болзошгүй хохирлыг буурах шаардлагатай гээд Иргэний зориг ногоон нам Засгийн газарт анхаарч ажиллах талаарх  чиглэлийг  танилцууллаа. Тухайлбал, байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглах, зүй бусаар ашиглах явдлыг тогтоох, хянах, таслан зогсоох, хувь хүмүүсийн хүрээлэн буй орчныг бохирдуулах, доройтуулах явдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохируулж, сургалт, нөлөөллийн ажлыг бүх арга замаар зохион байгуулах, хуванцрын хэрэглээг бууруулах, гамшигт өртөх магадлал бүхий айл өрх, иргэд, мал, эд хөрөнгө зэргийн нарийвчилсан судалгааг гаргах, нар, салхи, усан цахилгаан эрчим хүч зэрэг ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг түргэтгэх бодлогыг эрчимжүүлэх, ногоон тээвэр, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, байгальд ээлтэй хот төлөвлөлт зэрэг тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьсан дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах, газар тариалан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэргээр тогтвортой хөдөө аж ахуйн практикт инновацыг дэмжин, орон нутгийн хүнсний тогтолцоог сайжруулах, газар тариалан, түгээлт, хүнсний технологийн чиглэлээр ажлын байр бий болгох санаачилгыг дэмжих зэрэг шийдлийг санаачлан ажиллахыг Засгийн газарт уламжилж байна гэв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, ногоон санхүүжилтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд их хэмжээгээр нөлөөлж буй улс орнуудаас авдаг карбон кредитээс Монгол Улс ашиглах боломж байгаа эсэх талаар асуултад Байгаль орчны сайд С.Одонтуяа хариулав. Тэрбээр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг  боловсруулж байна. Энэхүү хуулийн нэг бүлэгт карбоны хууль эрх зүйн зохицуулалт багтсан учраас манай улс ногоон санхүүжилтийг хэрэгжүүлэх илүү боломж бүрдэнэ  гэв.  Хуралдаан үргэлжлэн УИХ-ын албан ёсны D-parliament цахим хуудаст байршуулсан Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуултуудыг УИХ дахь намын бүлгүүд нэгтгэн боловсруулсан байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат иргэдийн ирүүлсэн асуултуудыг багцлан танилцуулж, ажлын хэсгээс асуув. Иргэн н.Батбаатар, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын  хэдэн хувийг цөлжилт, хөрсний доройтолыг сэргээхэд ашиглаж байна  вэ,  цөлжилттэй тэмцэхэд ямар ажил хийж байгаа талаар асуусан байна.  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа асуултад ийн хариуллаа. Тэрбээр, Засгийн газраас байгаль орчин, уур амьсгалын  өөрчлөлтийн тухай 12 хуулийн төсөл боловсруулж байна. Эдгээр асуудлыг Цөлжилтэй тэмцэх  тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Ус цаг уурын тухай зэрэг хуулиудаар зохицуулан өөрчлөхөөр ажиллаж байна. 2024 онд байгалийн нөөц ашигласан төлбөрийн орлого болох 283 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ орлого 100 хувь  орон нутгийн төсөвт хуваарилагддаг. Харин тухайн орон нутгийн засаг захиргаа энэхүү орлогоо 100 хувь байгалиа нөхөн сэргээхэд зарцуулах ёстой боловч 65 хувийг зарцуулж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Ингэснээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг зөв зарцуулах боломж бүрдэнэ. Цөлжилтийн төлөв байдлын үнэлгээгээр 1992 онд манай улсын газар нутгийн 41,3 хувь нь  цөлжилттэй гэж байсан бол 2020 оны судалгаагаар 76 хувьд хүрсэн. Цөлжилт бол  манай улсын тулгамдсан асуудал мөн. Монгол, Хятадын хамтарсан Цөлжилттэй тэмцэх төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төв судалгаа, шинжилгээний томоохон ажлуудыг хийх зэргээр ажиллаж, цөлжилттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах болно гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн М. Ганхүлэг цахим хуудаст 5 иргэнээс ирүүлсэн 19 асуултыг багцлан танилцуулж, асуув. Тухайлбал, иргэн н.Будсүрэн  Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн яам шинээр байгуулагдснаас хойш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар иргэдэд ямар мэдлэг, мэдээлэл өгсөн вэ, байгаль, цаг уурын аюултай үзэгдлийг эрт сэрэмжлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ гэж асуусан байна.  Ажлын хэсгээс хариулахдаа, цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан сэргийлэхэд ашиглах  зарим тоног төхөөрөмжийг авах хөрөнгийг улсын төсвөөс хассан нь харамсалтай. Боловсролын яамтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг оруулж, зааж  эхэлсэн.  Мөн хүүхэд, залуучуудад энэ чиглэлийн мэдлэг олгох зорилгоор төрийн бус байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулсан. Одоогоор 400 сургуулийн 900 мянган хүүхдэд мэдлэг мэдээлэл олгож байна гэв. Ийнхүү Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, хэлэлцэж дууссаны  дараа үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүд улсын хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсөв зэрэг баримт бичгүүдийг хэлэлцэн  батлахдаа хоорондын уялдаа холбоог анхаарах хэрэгтэй байна гэх зэрэг гишүүд өөрсдөө хариуцлагатай байх талаар саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн П.Батчимэг, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлогын хэрэгжилт 70 хувьтай гарсан байна. Энэ зорилт хэрхэн хэрэгжсэн вэ, татварын шинэчлэлийг хийхэд олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгаж буй талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, татварын шинэчлэлийн асуудлаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Татварын шинэчлэлийн талаар 11 мянган иргэнээс 170 мянган санал ирсэн. Татварын хувь  хэмжээг бууруулах зөв гэсэн саналыг  57 хувь нь,  хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлэх саналыг 17 хувь нь,  татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг 15 хувь нь өгчээ. Эдгээр саналд үндэслэн татварын шинэчлэлийн асуудлаар хуульд өөрчлөлт оруулж, өргөн барихаар ажиллаж байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын  тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлт нь бага, дунд орлоготой иргэдийг дэмжих зорилгоор хэрэгжиж байна. Цалингийн орлоготой иргэдийн татварын ачааллыг энэ хуулийн дагуу 5 хүртэл хувиар бууруулан хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар 700 мянга гаруй иргэд хамрагдаж, 115 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэв.

Хэлэлцэж  буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  оролцох Засгийн газрын гишүүд бүрдээгүй  учир чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, ирэх даваа гарагийн өглөө хуралдаж, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна