Цагдаагийн байгуулаагаас “Ноорог.мн” сайтын залуусыг шөнийн цагаар баривчилж, байцаан шийтгэсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Үүгээр Цагдаагийн байгууллага хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой асуудлууд хөндөгдөөд буй. Тэгвэл эл асуудлын талаар хөндсөн зохиолч Р.Эмүжингийн нийтлэлийг өнөөдрийн онцлох постоор хүргэж байна.
Цэл залуухан, цаг үедээ нийцсэн хэлбэр төрлөөр мэдээллийг багцалж, харьцуулж, санаагаа зурагаар зоригтой егөөдөж илэрхийлдэг пэйж юм байна аа, Ноорог.мн. Бүх зурагт мессэждээ тоо баримт заавал оруулдаг нь сонирхол татлаа. Урд шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүр цайтал шалгаж мэдүүлэг авсан учир явдлаа ЦЕГ-ын зүгээс "Тухайн сайтын уран бүтээл, хэвлэн нийтлэх ажилтай ямар ч холбоогүй, өөр учир шалтгаанаар шалгаж байгаа" хэмээн тайлбарласан бол захирал Уламсайхан "2024 оны сонгуулийн явцаар баримтат кино хийж байсан, киногоо цацахаас өмнө манай залуусыг саатууллаа" гэж мэдэгдсэн.
Ухаад үзэхээр үнэхээр 2024 онд, тухайн киногоо хийж эхлэхээс өмнө олон нийтээс санхүүжилт, дэмжлэг хүсч байсан видео зар нь он сартайгаа дурайж байна билээ. Энэ мэтийн шалтгаанаар Хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа гэж МСНЭ болон олон нийт үзэж байгаа. Харин нөгөө талаас нь тэдний дансанд 9.0 тэрбум төгрөг төвлөрсөн байсан гэсэн мэдээллийг зарим сайт гаргаж ирлээ, харах л өнцөг. Хэрэв үнэхээр хэвлэн нийтлэх, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ийм арга замаар халдаж байгаа бол дарангуйллын эсрэг бид салбараараа даравч далдайх хэрэгтэй.
Монголын хэвлэн нийтлэх салбарын өөр цаг үеийн, өөр сэтгэлгээний, хамгийн залуу төлөөлөл бол яах аргагүй Ноорог.мн юм байна аа. Уншихаа больсон нийгэмд утга агуулгаа богино текст, зургаар илэрхийлэн түгээдэг, тэгэхдээ хөөрхөн ёжлох, егөөдөх аргаар асуудлыг хөнддөг, видео контентоо яг л өнөөгийн залуусын өдөр тутмын хэв маягаар хийдэг, зэвүүн сэтгэдэг толгойнууд байна даа. Дараа үеийн дүр төрх, дүрс хэллэг, аниме, комикс маягийн мэдээлэл гэвэл илүү ойлгомжтой. Урт бичлээ гээд уншихаас төвөгшөөгөөд, уцаарлаад байдаг хүмүүст яг тохирно. Таван өмгөөлөгч энэ залуусыг өмгөөлөх болжээ, үнэн гутлаа хурдхан өмсөөсэй билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна