“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 800 тэрбум төгрөгийн зээл олгоно

Admin
2025/02/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид  ажиллалаа.

“Сор кашемир” ХХК 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд гаргадаг бөгөөд дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг.

Цаашид хялгас ялгах үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөсөн тухай компанийн удирдлага танилцууллаа.

“Сноу Филдс” ХХК Дорнод аймгийн гурван сумын 360 малчин өрхтэй хамтран ноос, ноолуураа бэлтгэж, жилд 50 тн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон, ОХУ, Украйн, Франц, АНУ, Щвейцари, Герман, Солонгос улсад экспортолж байна.

Мөн жилд 70 тн ноолуур, ноос, хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид байгальд ээлтэй ээрсэн утас, сүлжсэн деталийг дахин боловсруулах дамжлага суурилуулж, хуучин ноос, ноолууран хувцсыг ээрмэл утас болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

“Улаанбаатар хивс” ХК Алтанбулаг, Алтан өргөө, Саян, Улаанбаатар зэрэг нэр төрлийн цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 55-60 мянган м2 хивс зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодод үйлдвэрлэдэг нийт хивсний 10-12 хувь  юм.

Хивсний 30-35 хувийг БНХАУ-д нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа нэмэхээр төлөвлөжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ жил ахуйн нэгжүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. 2025 оны 02 дугаар сарын 01-нээс хойш аж ахуйн нэгжүүд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Манай улс жилд дунджаар 50 орчим мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй. Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна