Өчигдөр буюу энэ сарын 2-ны шөнө Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах УИХ-ын гишүүн Цэрэнпунцагын эзэмшдэг “Хаан Хужирт” гэх амралтын газарт Завхан аймгийн нэр бүхий дарга нар архидан согтуурч улмаар хоорондоо зодолджээ. Тэдний гурав нь гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хэвтэн эмчлүүлж байгаа гэх.
Амралтанд газарт архидан согтуурч танхайрсан гэх этгээдүүдүүд чухам хэн хэн байв гэдгийг тодруулбал, Завхан аймгийн ИХ-ын дарга Б.Санжсүрэн, тус аймгийн Улайстай сумын Засаг дарга Ч.Наранбат, орон нутгийн сонгуулиар АН-аас сонгогдсон Б.Төрмөнх, мөн тус намаас сонгогдож өдгөө ИХТ, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд нар байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, Тэлмэн болон Ч.Наранбат нар маргалдаж зодолдсноор хэрэг маргаан үүссэн гэх. Танхайрсан улс төрчдийг өдгөө Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Дээрх танхайн хэргээр шалгагдаж эхлээд буй Завхан аймгийн дарга нар өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулиар иргэдээс олонхийн санал авч, сонгогдон гарч ирсэн. Өдгөө тэд аймгийн хэмжээн дэх асуудлуудаа ярьж, тус аймгийн иргэдийн амьдрах орчны төлөө ажиллах ёстой байтал танхайн хэргээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж явна.
Мөн Завхан аймгийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж буй Б.Санжсүрэн нь тендерийн хулгайч гэх бөгөөд сонгуулиар АН, МАН гэх хоёр намын төлөөллийн гишүүдэд 20 сая төгрөг атгуулан амыг нь таглаж, саналыг нь худалдан авч, 100 хувийн саналаар сонгогдсон гэх. Ийнхүү үнэмлэхүй их ялалтын баяраа тэмдэглэж төлөөлөгч нараа дайлж байх үеэр дээрх хэрэг үүссэн аж.
Албан тушаалаа урвуулан ашиглаж Завхан аймгийн хэмжээн дэх бүхий л барилгын тендерийг хуу хамдаг ИХ-ын дарга Б.Санжсүрэн нь одоо ч өөрийн эзэмшлийн “Ханжаргалант стоунс ХХК”-аар дамжуулан Завхан аймгийн Шинэ хороололд баригдаж буй барилгуудыг барьж байгаа юм байна. Түүний нэр дээрх компани цахим дата мэдээлэлд хэдэн хэдэн сургууль, цэцэрлэг болон орон сууцны төслийг гардан гүйцэтгэдэг болох нь баримтаар үлджээ.
Сэтгэгдэл (3)