Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хаврын морин уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутаг бие даан шийддэг байх шийдвэр гаргасан. Үүнийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
О.Саранчулуун гишүүн "Би 13-тайдаа хурдан морины уяан дээр хөлөө гэмтээсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй, хөдөө газар байсан. Найман сарын дараа ясны хорт хавдар гэсэн оношоор хөлөө тайруулсан юм.
Хүүхэд байхдаа мориноос унасны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн маш олон бий. Энэ бүх тохиолдлыг ахуйн осол гэж бүртгэдэг. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй болсон 10 хүн тутмын зургаа нь олдмол буюу ямар нэгэн осолд орсны улмаас эрүүл мэндээрэ хохирсон байдаг. Үүний багагүй хувийг мориноос унасан гэмтэл эзэлдэг. Над руу маш олон хүн хандаж, мориноос унаж гэмтсэн тухайгаа бичсэн.
112 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг бол Монгол Улсын хувьд бага тоо биш.
УИХ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах лобби бүлэг байгуулагдсан. Энэ бүлэгт гурван гишүүн тутмын нэг нь хамрагдаж байгаа. Өннөөдөр нэг хэсэг нь яаж хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээс хамгаалах вэ гэж ярьж байхад Засгийн газар иргэдээ гэмтэл бэртэл рүү түлхсэн шийдвэр гаргалаа. Та нар Гэмтлийн эмнэлгээр яваад үзээрэй. Ахуйн осолтой гэж бүртгүүлсэн иргэдийн хэд нь мориноос унаж бэртсэн бэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна