Геополитикийн золиосоо төлж урагшилна.
А.Ундраа бол улстөрчийнхөө хувьд Оюун-Эрдэнийг идэвхтэй шүүмжлэгч. Гэсэн ч ураны төслийг дэмждэг. Энэ Засгийн газрыг шүүмжилдэгээрээ бол өдийд гэдийгээд сууж байх ёстой, гэтэл үгүй. Учир нь Ундраа Италид Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом, Америкийн Каролинагийн их сургуульд цөмийн физикээр доктор хамгаалсан. Мэддэг юмаа яриад байгаа мэргэжилтэн гэсэн үг. Дээр нь ЗГХЭГ-ын дарга Учралын өчнөөн эсэргүүцэлтэй тулан урагшаа зүтгүүлээд байгаа энэ төсөл Монголд өөр утгаараа цагаа олсон хамгаалалт гэж би хувьдаа харж байна. Монгол Улс хоёрхон мөнхийн хөрштэй, геополитикийн энэ хэт баригдмал байрлалынхаа төлөөсийг төлж урагшилдаг. Энэ үнэн. Геополитикийн золиос ч гэж хэлж болно. Бүх асуудал хоёр хөршөөс маань хамаардаг. Тэд газрын болон агаарын хилээ хаахад бид эндээ хаалттай бүс болоод дуусах юм. Хааж байгаад хэрхэхийг хэн ч таашгүй. Энэ байдлаас гарч, дутуугаа нөхөхийн тулд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн олон талт дипломат бодлого бүх хүчээ, бүх нөөцөө дайчилдаг. Сул талаа нөхөж урагшлахгүй бол өдөр болгон дайны галтай байгаа энэ дэлхий дээр хэрхэн бид орших вэ? Засгийн газрын эхэлж түлхсэн гурван мега төсөл ч бас монголчуудын геополитикийн золиосыг давж хийгдсэн. Одоо бид Орост эрчим хүчээ даатгаж, Хятадад төмөр замын холболтоо хариуцуулсан, өөр арга байсан уу? Өөрөөр хийсэн бол энэ төслүүд урагшлах байсан уу? Үгүй. Өндөр үнийн дүнтэй, өөр улсаар хийлгэх байсан гэсэн шүүмжүүд маш их гарсан, үүнийг чинь л гоеполитикийн төлөөс, хоёрхон хөрштэй энэ байршлын золиос гээд байгаа юм.
Одоо Франц буюу гурав дахь хөрштэйгээ ураны гэрээ үзэглэх гэж байна. Эхний энэ гурван мега төсөл бол бидний сул талаа нөхөж түлхсэн том бодлого гэж үзмээр байгаа юм. Монголын ураныг байтугай Монголыг алдахыг манай хоёр хайрт хөрш зөвшөөрөх үү, бас л үгүй. Тиймээс олон жилийн турш тархи угаасан, одоо ч тарж унатал маань талцуулж байна. Франц бол дэлхий нийтийн өмнө хамгийн том эвлэрүүлэн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг улс. Ямартай ч одоо энэ байр суурь тэднийх. Сая Америкийн шинэ Ерөнхийлөгч Трамп Украины Зеленскийтэй уулзах уулзалтыг Францын Макрони байлцаж байж хийлгэлээ шүү дээ. 2022 онд Америкийн Жөү Байден, Оросын Путин нарыг хоорондоо утсаар ярих хүртэл холболт хийж, уулзалт товлох төвшинд аваачсан хүн бол мөн л Францын Макрони.
Тухайн үед энэ уулзалтыг Монголд хийх тухай яригдаж л байсан. Тодруулж хэлбэл Украины дайнаар хоёр хуваагдсан дэлхийн төв дунд Франц зогсож байгаа юм. Францын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэдэг чинь тэр улсын дипломат харилцаа, дипломат хамгаалалт давхар ирнэ гэсэн үг. Л.Түдэв гуайн тухайн үедээ бичиж үлдээсэн нэг сонин бөгөөд эмзэг баримт байдаг. Тэр бол НҮБ-ын салбар хуралдаан дээр Монгол гэдэг маш уудам нутагтай, маш цөөхөн хүн амтай улс дэлхийн суурьшлын шинэ бүс байж болох талаар сэдэв хөндөгдсөн тухай тэмдэглэл юм. Энэ сэдэв одоо ч хөндөгдөнө, аль нэг улсад дайны гал гарч, хэдэн сая дүрвэгсдийн асуудал босч ирэх болгонд бидний өмнө тулж ирнэ. Яагаад гэвэл бид энэ цэнхэр гаригаас нутгаа аваад нүүж чадахгүй. Монголд баялаг бий, түүнийгээ зөв бодлогоор зөв эргэлтэнд оруулж, аль болох гурав дахь хөршөөсөө хөрөнгө татаж, тэдний эдийн засгийн хамгаалалтыг улс орондоо бий болгох хэрэгтэй, өөр гарц байгаа юм уу? Монгол Улс оршиж үлдэе гэж байгаа л бол аль болох хүчирхэг гүрнүүдээс, тэр тусмаа гурав дахь хөршүүдээс уул уурхай, мал аж ахуйн салбартаа том хөрөнгө оруулалтууд татмаар байна. Энэ аргыг хамгийн сайн хэрэгжүүлж, Евроазид эдийн засгийн том тоглогч байж чадаж байгаа улс бол Казакстан. Тэд Монголын амбицтай өрсөлддөг, дээр нь бий болоод удаагүй улсын хувьд тусгаар байдлаа эдийн засгийн аргаар баталгаажуулаад урагшилж байна. Тэднээс юугаараа дутсан юм, шинэ суурьшлын бүс хайж байгаа мөхөж буй дэлхийд шинэ бодлогоор л тэсч үлдэнэ. Өөрөөр яах гэж, морио унаад, сэлмээ агсаад, цээжээ дэлдээд улсаа хамгаалдаг цаг өнгөрсөн байна.
Сэтгэгдэл (2)