Т.Үенбаатар: Оршин суугчид цонхоороо ууттай хог хаяснаас болж ачигчдын толгой хагарсан хоёр тохиолдол гарсан

А.Булганчимэг
2024/12/21

Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг Хог ачигчгүйгээр цэвэрхэн хот, эрүүл орчныг төсөөлөх боломжгүй.  Бид энэ удаад  хог ачигчийн ажлыг долоон жилийн хугацаанд хийж байгаа 30 настай Т.Үенбаатар залууг онцолж байна. Ажлын хамт олон нь түүнийг хурдан шаламгай, ачаалал даах чадвартай, хариуцлагатай гэж магтаж байв. Түүний өнөөдрийн сүүлийн хог ачилтыг хамтдаа хийж, ажлаа хийхэд нь ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар сурвалжилга хийхээр боллоо.
Дүнжингарав захын урд байрлах Чухаг 2 хотхоны оршин суугчид том ногоон өнгөтэй контейнерыг хогийн пункер болгон ашигладаг нь харагдана. Пункерын хажууханд лааз, пластик бүтээгдэхүүн хадгалах гурван төрлийн торон хогийн сав байх бөгөөд хоосон байлаа.


-Сайн байна уу? Та яг аль дүүрэгт ажилладаг вэ?

-БЗД-ийн 26-р хорооны орчмын хогийг ачдаг юм. Өдөрт 3-4 удаа хог оо ачаад Цагаан давааны хогийн цэгт очиж асгадаг. Яг одоо гурав дахь ачилтаа хийж байна.

-Ажлын хуваарь тань ямар байдаг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр ажилладаг. Өдрийн цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Учир нь бид жолоочтойгоо хамт явдаг болохоор хоорондоо ярилцаж байгаад 10, 11 цагаас өмнө л ажил эхэлнэ дээ.

-Энэ сул асгасан зүйл юу вэ?

-Энэ модны үртэс байна. Байрны айлууд засвар хийхээр их гардаг юм.

-Энэ задгай хаясныг та бүхэнд яаж авах вэ?

-Хүрзээр л авдаг даа. Өвөл болохоор цемент дээр хөлдөөд цэвэрлэхэд хэцүү болдог юм. Уг нь хүмүүс ийм хог оо уутлаад эсвэл хайрцагт хийчихвэл ачихад илүү амар байдаг л даа. Задгай хаясан жижиг хогийг гараараа түүж хаядаг юм. Тэгээд түүж байх явцад зүү, хатгах тохиолдол гарна.

-Хөөх. Өөрийн тань хувьд ийм тохиолдол гарч байсан гэж үү?

-Тийм. Жилийн өмнө хоёр удаа хагарсан шилэнд гараа зүссэн. Нэг дээр нь гурван оёдол тавиулсан юм. Мөн энэ жил надтай хамт ажиллаж байсан хоёр залуугийн дээрээс ууттай хог унаж толгойг нь хагалсан.

-Зүүнд хатгуулж байсан болов уу?

-Ер нь бүх хог ачигчид зүүнд хатгуулдаг байх. Их хог ачиж байхдаа хатгах шиг болдог уутан дотор байгаа зүйлийг бүгдийг нь асгаад зүү байна уу гээд тэр бүр хайгаад байх боломжгүй л дээ.

-Аюултай хог хаягдал болон энгийн хог хаягдлыг яаж хаявал зохистой вэ?

-Хагарсан шил мэт хүн гэмтээх боломжтой хогийг хатуу картон цаас дотор битүүлж хийгээд уутаар бүрж боож хаявал зохистой. Харин энгийн хог хаягдлыг аль болох боож, амыг нь уячихвал бидэнд зөөхөд их амар байдаг юм.

-Бидэнд цаг гаргасан танд баярлалаа. 

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна