Т.Сайфолла: Пауэрлифтингийн ДАШТ-д гурван оролтоор 1082.5 кг өргөж мөнгө, хүрэл медаль авсан минь миний анхны том амжилт

Үүрийнтуяа
2024/11/30

Бүгд Найрамдах Исланд Улсын Рейкжанесбаер хотод Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд болжээ. Энэ үеэр манай улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг, хэвтээ шахалтын төрөлд 287.5 кг, газраас таталтын төрөлд 357.5 кг өргөж мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү нийт нийлбэр дүнгээр 1082.5 кг өргөсөн бөгөөд энэ нь манай улсын тамирчдын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан дээд амжилт боллоо. Ингээд түүний ярилцлагийг хүлээн авна уу!

- Та нийлбэр дүнгээр 1082 кг өргөж монголд анх удаа гэдэг томоохон тодотголыг авлаа шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сая болсон тэмцээнд би нийт нийлбэр дүнгээр нийт 1082.5 кг өргөсөн байгаа. Энэ нь урд өмнөх жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүнийг 10кг илүү ахиулах боломж байсан. Тухайн үед жоохон тооцоолол алдаад өргөж чадсангүй. Гэсэн ч улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, бусад орнуудын топ тамирчдын гаргадаг үзүүлж тэдний эгнээнд багтсанд баяртай байна.

-Тухайн спорт нийт хэдэн төрөл байдаг вэ? Нийлбэр дүнг яаж тооцоолдог юм бол?

-Пауэрлифтинг спорт нь суулт, хэвтээ шахалт, газраас таталт гэсэн гурван төрөлд хуваагддаг. Нэг төрөлд гурван оролт хийдэг. Тухайн гурван оролтын хамгийн их жинг тооцдог юм. Энэ гурвын нийлбэр дүн нь 1082.5 кг болсон гэсэн үг. Жишээлбэл би сая суултаар эхний оролтоор 412.5 кг, хоёр дахь оролт 427.5 кг, гурав дахь оролтоор 437.5 кг өргөсөн юм. Үүнээс 437.5 кг тооцсон болно.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тамирчин нь аль улсынх байсан бэ??

-Ер нь дэлхий дахинд энэ спортын тамирчид нэлээн өрсөлдөөн ихтэй байдаг. Энэ тэмцээнд манай жинд хоёр Украин, Тайван, нэг Франц улсын тамирчин бидний дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Нийт манай жинд 16 хүн оролцсон.

- Пауэрлифтингийн спортоор сүүлийн үед эмэгтэйчүүд их хичээллэх болжээ. Манай улсын хувьд нийт тамирчин хичээллэж байна вэ?

-Хамгийн сүүлийн тоогоор 6000 гаруй тамирчин энэ спортоор хичээллэдэг гэж гарсан. Ер нь сүүлийн үед залуу эмэгтэйчүүд их хичээллэж байгаа. Дан эрчүүдийн спорт биш юм байна гэдгийг эмэгтэйчүүд олж харсан байх. Дээр нь манай улсын тамирчид хүйс харгалзалгүй энэ спортоор дэлхийд амжилт гаргах боломжтой байдаг.

-Та ер нь яаж анх энэ спортод хөл тавьсан бэ??

- Би багадаа их хөдөлгөөнтэй, спортлог хүүхэд байсан.  Харин оюутан болоод боксын спортыг сонирхон, хичээллэх болсон юм. Энэ үедээ тэр Монгол хүчтэн гэх телевизийн шоу нэвтрүүлэг үзээд эргэлт, буцалтгүй Поуэрлифтингийн спорт руу орохоор шийдсэн юм. 2008 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн ба нийт 16 жил болж байна.

- Таны хувьд долоо хоногт хэдэн удаа, хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ?

- Би одоо орон сууцны ашиглалтын албанд ажилладаг. Долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг ба нэг удаагийн бэлтгэлдээ 3-4 цагийг зарцуулдаг юм. Өмнө нь цагдаа байхдаа ажлынхаа хажуугаар бэлтгэлээ таслалгүй хийдэг байсан. Ер нь бэлтгэлээ таслахгүй байхыг зорьдог. Түүнчлэн шим тэжээл өндөр, уураг их, эрүүл хүнс хэрэглэдэг дээ.

-Ажлын хажуугаар мэргэжлийн спортын тамирчин болох хэр хүндрэлтэй байдаг бол??

-Ер нь хүн яг цаг зав аа зөв зохицуулаад сахилга баттай байж чадвал болно гэж боддог доо. Заавал мэргэжлийн тамирчин биш юм аа гэхэд хүмүүсийг эрүүл мэнддээ анхаараад долоо хоногт гурван удаа хөдөлж байх хэрэгтэй гэж боддог. Хүн чинь өөрөө хөдөлгөөн хийж байж эрүүл байдаг. Байгалиасаа ингээд зохицуулагдсан шүү дээ. Хөдөлгөөн багасаад эхлэхээр л хүн янз бүрийн өвчинд өртөмтгий болдог байх гэж боддог.

-Тамирчны хувьд таны цаашдын зорилго юу вэ?

- Бэлтгэлээ үр дүнтэй тууштай хийж одоогийн амжилтаа илүү ахиулах юмсан гэж бодож байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гэсэн ойрын зорилготой байна даа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна