"ХОЁР ДАХЬ ҮНЭН"

Admin
2025/12/15

ХОЁР ДАХЬ ҮНЭН

iframe src="https://www.facebo...

          Монгол улсын нэрийн өмнөөс хэмээн шүүгч алхаа цохиж, шийдвэр уншдаг. Гэтэл үнэн зөв шударга, шийдвэр гаргасан шүүгч ажлаа хийх эрхгүй болж, харин хүний өмчийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан хэргийг шүүсэн шүүгч тушаал дэвшсэн байгаа юм. Хайрхан компанитай холбоотой энэ асуудлаар хохирогчийн өмгөөлөгч Х.Номинцэцэг бидэнд хандлаа.

        Асу.мн сайтаас цувралаар бэлтгэн хүргэж байгаа 2 дахь үнэн эрэн сурвалжлагын ээлжит дугаар шүүхийн сахилгын хороонд авлига нүүрлэсэн байж болзошгүй гэсэн сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна. УИХ-аас томилогддог шүүхийн сахилгын хороонд шүүгч бус гишүүд олонх болсон, тэд шүүгчдэд ирсэн гомдлыг ашиг сонирхолоор шийдвэрлэж, таалагдаагүй шийдвэр гаргасан шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж байна уу гэсэн асуултанд бид хариулт хайж байна. 

Монгол улсын шүүхийн тухай хуулиар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бол шүүхийн сахилгын хороо. Тус хорооны гишүүдийг УИХ-аас томилдог бөгөөд 9 гишүүнтэй, тэдний 5-нь буюу олонх нь шүүгч бус гишүүд байгаа юм. Шүүхийн салхилгын хороо шүүгчийн ёс зүйн асуудлыг хянах ёстой байтал өдгөө энэ зарчим алдагдаж, шүүгчийн гаргасан шийдвэр дээр ажилладаг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тухай хууль Үндсэн хуулиа зөрчсөн болж таарч байгаа юм. 

Шүүхийн сахилгын хороо шүүгч ажлаа хийхдээ ёс зүйн зөрчил, алдаа гаргасан уу гэдэг дээр ярих ёстой. Энэ бүр олон улсын зарчим. Гэтэл шийдсэн шийдвэрээс нь болж шүүгчийг ажилгүй болгосон, хүний өмчийг өөрт нь мэдэгдэлгүйгээр авсан нэгэн хэргийн хохирогчид бидэнд хандлаа. 

Монгол улсын иргэн Хүрэлбаатар өөрийн үүсгэн байгуулсан Хайрхан хэмээх компаниа 2008 онд өөрийн хууль ёсны эхнэр Х.Сонинцэцэгт хууль ёсны дагуу 100 хувь шилжүүлэн өгчээ. Х.Сонинцэцэг Чех улсын иргэншилтэй болсон хэдий ч Хайрхан компани үйл ажиллалаагаа явуулсаар байлаа. Хүрэлбаатар бурхны оронд одсоны дараа түүний хоёр дахь эхнэр, өөрийн охины хамтаар Хайрхан компанийг хууль бусаар өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа юм. Үүнээс үүдэлтэй хөрөнгийн маргаан шүүхэд 4-5 жил үргэлжилжээ.  

Хайрхан компанийн энэ маргаантай өв залгамжлалын хэргийн хувьд 11 удаа шүүхийн шийдвэр гарсан, нийт 27 шүүгч ажилласан байх юм. Талийгч Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр болох Сарантуяа гэгчийн талд 1 удаа шийдвэр гарсан, 10 удаагийн шүүхийн шийдвэр анхны эхнэр Сонинцэцэгийн талд гарсан байгаа юм.  Тэгвэл энэ шийдвэр яагаад Хашгамбайн Хашбаатарт таалагдсангүй вэ?  

Шүүгчийн алхан дор хүний хувь заяа, амь нас, эд хөрөнгө, эрх чөлөө шийдэгддэг. Тиймээс л шүүгчийг бусад бүх хуульчаас илүү мэргэжил, ур чадвартай байхыг шаарддаг. Гэтэл тэр ур чадварыг эзэмшин, ажлаа шударгаар хийсэн шүүгчдийг өдгөө өөрсдөд нь таалагдаагүй шийдвэр гаргасны төлөө Шүүхийн сахилгын хороогоор авч хэлэлцэн, ажлаас нь түдгэлзүүлдэг байдал процессын хувьд зөв үү? Сахилгын хороонд хэн хэн томилгоо авч, шүүгчдийн ажил амьдралыг шийдээд байна вэ? 

Шүүхийн сахилгын хороонд одоогоор Д.Ариунтуяа Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын 9 гишүүн ажиллаж байна.

Шүүгчийн бүрэн эрхэд хэн халдах эрхтэй вэ? Шүүгч бус сахилгын хорооны гишүүд шүүгчдийг ажил мэргэжлийнх нь хувьд шүүх ёстой юу гэдэг асуулт Монгол улсын өнцөг булан бүрт суугаа шүүгчдийн өмнө тулгарч байгаа нь нууц биш. Шүүгчид энэ асуудлыг камерын өмнө суугаад ярихгүй ч нөхцөл байдал өөрөө тэдний өмнөөс энэ асуудлыг ярихад хүргэж байгаа юм.

Дээрх асуудлаас үүдэлтэйгээр Шүүгчийн хараат бус байдал гэдэг сэдэврүү эрэл биднийг хөтөллөө. Монгол улсын Үндсэн хуулийн цэцээс ч Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэр гарсан. 

Нэг шүүгч жилд 840 орчим хэрэг, нэхэмжлэлийг шийдвэрлэж ажилладаг байх юм. Үүний цаана унших, судлах, шийдвэр гаргах ямар хүндрэлтэй, цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар шаардсан ажил өрнөж байгааг тооцоолон гаргахад хэцүү. Гэтэл тэгж хийсэн ажлыг нь нэг гомдлоор шийдээд байвал Монгол улсад шударга ёс тогтох уу... 

Шүүгч шийдвэр гаргаад, сахилгын хороогоор шийдвэрийг нь эргүүлэн хүчингүй болгосоор байвал иргэдийн шүүхэд итгэх итгэл одоо байгаагаас ч долоон дор болтлоо муудна. Хэрэг шүүсэн шүүгч ёс зүйн алдаа гаргаагүй хэрнэээ ажлаа хийснийхээ төлөө шийтгэгдээд байвал шийдвэрлэсэн хэрэг хүчингүй болж, гомдол гаргагч дахиад цаг хугацаа, зардал чирэгдэл, санхүү мөнгөний эрсдэл хүлээж бүхнийг эхнээс нь эхэлнэ. Тийм болохоор нийт шүүгчдийн өмнөөс бид ийнхүү асуудал хөндлөө. 

Шүүгчийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ажил мэргэжлийн хувьд гаргасан шийдвэрийг хэлэлцэж, шүүгчийг ёс зүйн алдаа гаргасан мэтээр шийдвэрлэж байгаа нь цаашдаа шүүгчдийг ажиллах баталгаагүй, олны дунд нэр хүндгүй болгох маш том эрсдлийг бий болгож байна. Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг энэ хүмүүсийн хувь заяаг сахилгын хороо ийнхүү шийдсээр байх уу гэдэг асуултаар энэ удаагийн дугаараа өндөрлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна