Залуус төрөөс авдаг хэдхэн тэтгэлмж байдаг. Үүний нэг бол ажилгүйдлийн тэтгэмж юм. Нийгмийн даатгал төлдөг иргэн бүр авдаг цалингийнхаа 45-70 хувийг гурван сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжээр авах боломжтой байдаг. Тэгвэл Зарим иргэд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа талаар сошиал сүлжээнд байршуулсаар байна. Уг нь ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа харьяа дүүргийн Нийгмийн даатгалын газарт өгснөөс 30хоногийн дотор мөнгө нь олгогдох ёстой байдаг. Гэвч зарим иргэд гурван сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй байна.
Тухайлбал, 24 настай иргэн “Н” энэ оны зургаадугаар сарын 11-нд ажлаасаа гарсан. Улмаар ажилгүйдлийн тэтгэмж авахаар оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд “ажилгүй иргэн”-ээр бүртгүүлж, мөн нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай материалаа бүрдүүлэн өгсөн ч одоог хүртэл мөнгө өө авч чадаагүй байна. Удаа дараа дүүргийнхээ нийгмийн даатгалын газраас очиж асуухад “санхүүжилт ороогүй” гэдэг хариу өгөөд буцаадаг байна. Иймд бид ажилгүйдлийн тэтгэмж саатаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын байцаагч А.Жавхлан: Өөрийн хүсэлтээр гарсан ч бай албан тушаалаар халагдсан иргэд ажилгүй болбол нийгмийн даатгалд нэгэнт мөнгөн дүнгээ төлсөн учраас ажилгүйдлийнхээ тэтгэмжийг заавал авна. Энэ тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжээ авах иргэд өргөдлөө, иргэний үнэмлэх ээ, ажлаас гарсан тушаалаа хавсаргаад дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлээ хавсаргаад ийм дөрвөн материал цахимаар өгч болно. Эсвэл биечлэн нэг цэгийн үйлчилгээ дээр авчирч өгснөөр бид нар 14 хоногийн дотор шийдэж байгаа. Нэг зүйл анхаарах хэрэгтэй байгаа. Ажлаасаа гарснаас хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагат ажилгүйдлийн тэтгэмж өгөх шаардлагатай. Манай дээр ажилгүйдлийн тэтгэмжээ ажлаасаа гарсны дараа 28 хоногийн дотор https://portal.ndaatgal.mn/ дээр заавар нь байгаа. Хэрхэн бүртгүүлэх үү гээд бүртгүүлж болно. Мөн нэг цэгт өгч болно. Бид нар материалаа хүлээж авснаас хойш нэг цэг дээр бодоод хяналтын байцаагч хянаад, хэлтсийн даргаар хянуулаад, ерөнхий нягтлан хянаад, манай нийгмийн даатгалын газрын дарга хянаад https://portal.ndaatgal.mn/ дээр шийдэгдсэн төлөвтэй болно. Энэ үед манай санхүүгээс мөнгөн дүн нь тэр доороо шилжүүлэгдэнэ. Заримдаа төрийн сан 3 цагаас өмнө хийгдсэн гүйлгээ өдөртөө орно. 3 цагаас хойш дараа өдөртөө орох процесс байдаг. 1-2 хоногийн дотор шилжигдээд орчихдог. Мөнгөн дүн орохгүй байх шалтгаан бол та бүхэн сайн мэдэж байгаа байх нийгмийн даатгалын аль ч улсад сангийн мөнгийг сангийн яамнаас шийдвэрлэдэг. Сангийн яамнаас манай нийгмийн даатгалын ерөнхий газар руу төлөвлөсөн мөнгөн дүн шилжигдэж орж ирсний дараагаар бид нар энэ 14 хоногт хянасан гүйлгээгээ гаргадаг гэсэн үг. Зарим тохиолдолд тэр мөнгөн дүн орж ирэхгүй саатах, ямар нэгэн процесс байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдлоос иргэд бухимдах нь аргагүй. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын хэлтэст сэтгэл ханамжийн судалгааг манай дээр веб хуудас, фэйсбүүк дээр байгаа. Тэр сэтгэл ханамжийн судалгаан дээр ямар албан хаагч сэтгэл ханамжгүй, өндөр дуугаар, хууль бус харилцаж байгаа талаар мэдээллээ өгвөл тэр дор нь засаж залруулж байгаа.
Товчхондоо “Сангийн яамнаас санхүүжилт олгохгүй байгаа тохиолдолд иргэдэд хүрэх халамж, тэтгэмж саатдаг. Мөн төрийн албыг цомхон болгох, үндэсний хороонууд татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмж авах нь төсөвлөсөн хуваариасаа тооцоолох боломжгүй өндөр болсноос болж Ажилгүйдлийн даатгалын сан хоосорсон” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариуллаа. Уг нь ажилгүйдлийн тэтгэмж бол халамж биш юм. Иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын тодорхой хувийг эргээд авч байгаа хэрэг. Энэ бол дараагийн ажлаа хайж байгаа залуус төдийгүй иргэн бүрд хэрэгцээтэй, шаардлагатай тэтгэмж юм. Гэвч төрийн албыг цомхотгож, ажилгүйчүүд ихэссэн гэх ганцхан шалтгаанаар иргэд төрд төлсөн мөнгөнийхөө багахан хувийг ч хуулийн дагуу авч чадахгүй байдалтай байна. Улсын түрүүвчийг атгадаг Сангийн яам олон иргэдийг хохироосон ойлгомжгүй энэ асуудалд албан ёсны хариу тайлбар, мэдээлэл өгөх нь битгий хэл мэдэгдэл ч гаргахгүй байна.
Сэтгэгдэл (2)