Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт “Хармагтай” гэж зэс, алтны асар баян орд бий. Асар баян гэж тодотгохын учир нь, “Хармагтай” ордыг "Хоёр дахь “Оюу толгой” гэдэг бөгөөд улстөрчдийн, уул уурхайн компаниудын эздийн шуналыг хөдөлгөсөөр ирсэн. Тиймдээ ч “Хармагтай”-н ордын 34 хувийг төртэй, түмэнтэй хуваалцахгүйн тулд нөөцийнх нь хэмжээг зориуд дарж мэдээлдэг ч гэх яриа бий. Хармагтай ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц буюу 150 шахам тонн алт байна. Таамаг нөөц нь 4.7 сая тонн зэс, 11 сая унц буюу 300 тонн алттай гэж зарласан байдаг.
Саяхан “Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөл”-өөс Хармагтайн ордын талаар мэдээлэл хийж ЗГ, УИХ, Ерөнхийлөгчид хугацаатай шаардах бичиг хүргүүлж байв. Тодруулбал, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг орших Хармагтайн ордыг Хятадын ЗиЗиЖин компани эзэмших болсон талаар мэдээлэв.
Тэд хэлэхдээ, "Хармагтайн орд нь Оюутолгойгоос 15 дахин их нөөц баялагтай юм. Хятадын компанид 50 сая ам.доллароор зарахаар төлөвлөгдөж байгаа гэх мэдээлэл байна. Гадаадын компанид хайгуул, ашиглалтын лиценз нэрээр очоод байгаа шүү. Тиймээс стратегийн орд газартаа авахыг шаардаж байгаа юм. Жаргалант багийн нутгийг цаг уурын судалгаа нэрээр тэр чигээр нь авсан байна. Хармагтайн ордыг тойрсон сумдын газрыг аваад байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй" гэв.
Дараагийн Оюутолгой хэмээн нэрлэгддэг Хармагтайн ордыг стратегийн ордод бүртгэх эсэх асуудал улс төрийн хүрээнд ч ширүүн өрнөж байна.
1.6 сая орчим австрали долларыг хайгуулын ажилд зарцуулсан нь тус компанийн санхүүгийн томоохон хүндрэл үүсгэж байв. Уул уурхай дагасан элдэв хөдөлгөөнийхөн “Хармагтай”-г төрд авах ёстой гэх мэтийн асуудал хөндөж, шуурч байгаад одоо намжив бололтой.
ТЭГВЭЛ ХАРМАГТАЙ ОРД МОНГОЛ УЛСАД ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Хармагтай ордын хайгуулын ажлыг Канадын компани 1993 онд эхлүүлсэн бөгөөд 2013 онд анхны нөөцийг тогтооож байжээ. Харин Австралийн хөрөнгө оруулалттай Занаду Майнс компани 2014 онд 14 сая ам.доллараар тус ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авч байж.
Хармагтай орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордоос холгүй байрлалтай бөгөөд Өмнөговийн алт, зэсийн баян бүсийг дагасан байршилтай. Тиймээс нөөцийн хэмжээ болон ирээдүйд бий болох боломж нь маш өндөр юм.
Эрдэмтдийн тооцооллоор, Хармагтай ордын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлж чадвал 2028 оноос анхны алт, зэсээ гаргаж авна. Төслийн 1-р шат 8 жил, 2-р шат нь 21 жил үргэлжлэх тооцоололтой. Энэ хугацаанд нийт 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц алт гаргана. Нэмэлт хайгуулын ажлууд нь бас ирээдүйтэй бөгөөд амжилттай үр дүнтэй байж чадвал олборлох боломжтой алт, зэс нь үүнээс ч хол давах бүрэн боломжтой.
Ялангуяа “Алт-3” хөтөлбөр анхаарал татаж байгаа энэ үед, алтны нөөцөөр даруй Цагаан суваргын дараа орох юм. Мөн нөөц нь хайгуул хийх хэрээр нэмэгдэж байгаа. 2023 онд л гэхэд шинэ өрөмдлөгөөр 2.1 сая тонн зэс, 5.6 сая унц алт нэмж тооцоологдсон.
ХЭРЭВ МАНАЙ УЛС ОЮУТОЛГОЙ ШИГ МУУ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭХГҮЙ ЗӨВ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЧАДВАЛ ХАРМАГТАЙ ОРДООС АСАР ИХ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ. МОНГОЛЧУУД БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ХАРИЙНХАНД АЛДДАГ ГАШУУН ТҮҮХҮҮД БИЙ. МОНГОЛЫН ТӨР, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХҮРТЭХГҮЙ БАЙГАА ЭНЭ ОРДЫГ ХЯТАДЫН НЭГЭН ХОШУУ ХУВИЙГ НЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИД ОЧИХОД ОЙРХОН БАЙГАА ЮМ.
Харамсалтай нь манай төр, Хармагтайн ордыг бүр хав дарчихсан уу, таг мартчихсан уу ямартай ч ган гэхгүй удсан. Тэгвэл саяхнаас тус ордыг Стратегийн ордод бүртгэх эсэх асуудал яригдаж эхэллээ.
Засгийн газрын БЭТ Ж.Батзандан, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан нарын амнаас “Хармагтай” гэдэг үг нэг бус удаа уналаа. Стратегийн ордод багтаая. Тэгээд төр хэлцэл хийе. 34 хувиа эзэмшье, эсвэл өөр хувилбараа ярья. Ямартай ч одоо ийм том нөөцтэй, аварга орд дээр анхаарлаа хандуулъя гээд эхэлжээ. Энэ нь ч эрхгүй зөв юм.
Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Туваан хэлэхдээ, “Хармагтайн орд бол эцэслэн тогтоогдоогүй, нөөц нь нэмэгдэж байгаа үүнийгээ дагаад ач холбогдолын хувьд ч мөн өндөр байгаа. Монгол улсын хуулийн дагуу стратегийн орд гэх ойлголт байгаа. Стратегийн орд гэдэг ойлголт нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэх буюу түүнээс их нөөцтэй ордуудыг хэлнэ. Тиймээс стратегийн ордоо эхлээд тогтоох ёстой стратегийн ордод орохын бол стратегийн ордын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэл хувь, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хувийг эзэмших ийм хуулийн зохицуулалттай. Эхлээд бид үндсэн 16 ордынхоо асуудлыг шийдээд явж байгаа. Дараа нь стратегийн ордод байж болохуйц 39 ордын асуудал яригдана.” гэсэн мэдээллийг өгч байв.
Харин одоо асуудлыг УИХ, ЗГ л мэднэ. “Занаду майнз”, “Зижинь групп”-тэй хэлцэл хийхээс өмнө стратегийн ордод багтаах эсэхээ шийдэхээс эхлээд чухал асуудлууд хүлээгдэж байна.
Хармагтай орд харийнханд үлдэх үү, ТӨРД очих уу.....
Сэтгэгдэл (2)