Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэгийг хуурамч дипломтой болохыг баталсан байдаг. Тодруулбал тэрээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн хэмээн D200828037 дугаар бүхий бакалаврын дипломыг төрийн албанд ажилд орохдоо хавсаргаж өгчээ.
Харин энэхүү дипломын дугаараар ШУТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн сангаас мэдээллийг нь шалгахад Түмэн-Өлзий овогтой Өрнөх гэдэг иргэн Гидрогеологи мэргэжлээр суралцан төгссөн тухай мэдээлэл гарч ирдэг.Энэ дагуу ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга Д.Эрдэнэтуяа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Замын хөгжлийн газарт “Төмөрхүүгийн Батбилэг гэсэн D200828037 дугаартай бакалаврын диплом нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно хэмээн албан бичиг илгээсэн байдаг.
Гэсэн ч Т.Батбилэг нь өнөөдрийг хүртэл Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын албыг хашсаар байна. Чухам хуурамчаар диплом үйлдэж, төрийн албанд ажилд орон тэр дундаа даргын албыг хашиж буй бол чухам ямар хуулийн хариуцлага хийгээд, арга хэмжээ авдаг тухай Төрийн албаны зөвлөлөөс тодрууллаа. Төмөрхүүгийн Батбилэг гэдэг хүн ШУТИС-ийг төгсөөгүй гэдэг албан тодорхойлолтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга Д.Эрдэнэтуяа ирүүлсээр байтал Замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр бүтэн 8 сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүртэл Т.Батбилэгийг Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн даргаар ажиллуулсаар байгаа нь хачирхалтай. Уг нь бол энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж , шийдвэрлүүлэн батлагдсан тохиолдолд ажлаас нь халах, ёстой.
Тэгвэл хуурамч дипломтойг мэдсээр байж Төрийн албанд ажиллуулж буй удирдлага мөн хуулийн хариуцлага хүлээх ёстой юу? Т.Батбилэг нь Яармагийн гүүр буюу Наадамчдын автозамаас Энхтайвны өргөн чөлөө хүртэл 780 метр урт гүүр барих 78,9 тэрбум төгрөгийн төсөвт ажилд хяналт тавин ажиллаж байсан гол хүн. Чухам өнөөдрийг хүртэл Т.Батбилэгийг ажлаас чөлөөөлөхгүй байга нь ямар нэгэн ашиг сонирхол байна уу гэж хардахад хүргээд байна.
Сэтгэгдэл (1)