Дипломтой ажилгүйчүүд буюу Монголын боловсролын системийн бодит алдаа

Admin
2025/05/05

Сүүлийн жилүүдэд Манай улсад дээд боловсролтой иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй гарч байна. Статистикийн мэдээллээр 2024 онд 50 мянга гаруй залуус их, дээд сургууль төгссөн бол тэдгээрийн гуравны нэгээс илүү хувь нь өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажилд ороогүй хэвээр байгаа юм. 

Боловсролгүй иргэнгүй Монгол улс гэхээр хөгжлийн хөшүүрэг юм шиг авч ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр байгаагийн учир чухам юу вэ? Монголд боловсролын систем нь ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх бус, диплом олгох машин болон хувирсантай холбоотой.Өөрөөр хэлбэл Их сургууль төгссөн ч “ажилд орох чадваргүй” төгсөгчид бэлтгэсээр...
Хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, өнөөдөр ажил олгогчид мэргэжлийн дипломоос илүүтэйгээр “ажиллах чадвар, багаар ажиллах туршлага, асуудал шийдэх ур ухаан”-ыг илүүтэй үнэлж байна. Гэвч Манай их сургуулиудын ихэнх нь онолын мэдлэгт төвлөрч, бодит амьдралд хэрэгжих практик чадвар эзэмшүүлэх тал дээр хангалтгүй хэвээр.
                                Сургалтын хөтөлбөр хоцрогдсон, зах зээлийн эрэлттэй нийцдэггүй
Ажил олгогчид “төгсөгчдийн мэдлэг хоцрогдсон, технологийн хэрэглээ сул, гадаад хэлний чадвар дутмаг” хэмээн ил тод хэлдэг болсон. Гэтэл оюутан болгон л дипломынхоо араас ажилд орохоор хөөцөлдөж, туршлага шаардах хаалганд дахин дахин бүдэрсээр л...Энэ нь нэг талаар сургалтын байгууллагууд аж үйлдвэрийн салбарын шаардлагыг ойлгохгүй байгаатай шууд холбоотой.
                                                        Мэргэжлээ буруу сонгосон олон мянган залуус
Нөгөө талд, залуус өөрийн сонирхол бус, “тренд болсон” мэргэжлүүдийг сонгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс хол мэргэжилтэй төгсөж байна. Боловсролын яам болон ерөнхий боловсролын сургуулиудад чиг баримжаа өгөх тогтолцоо сул, төгсөх ангийн сурагчид бодит мэдээлэлгүй, хийсвэр төсөөллөөр шийдвэр гаргаж байна.
Шийдэл бий: Боловсролын реформ, дадлагын систем, чиглүүлэг
Энэ бүхний шийдэл бол боловсролын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, их дээд сургуулиудыг хувийн хэвшилтэй хамтран дадлагажуулах хөтөлбөр өргөжүүлэх, оюутны ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг заавал болгох явдал юм. Түүнчлэн ахлах ангиас нь эхлэн сурагчдад мэргэжлийн зөвлөгөө өгдөг систем бий болгох шаардлагатай байна.
Эцэст нь…

Монголын ирээдүйг тодорхойлох залуус өнөөдөр дипломын араас гүйж, харин маргааш ажлын байрны босгон дээр зогссоор байна. Боловсрол нь зөвхөн цаасан гэрчилгээ биш, харин амьдралын боломжийг нээх түлхүүр байх ёстой. Тиймээс боловсролын бодлого “тоо биш, чанар”-ыг нэн тэргүүнд тавих цаг аль хэдийн болсон билээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.10
2025/05/05
0
0
ХҮНИЙ НӨӨЦҮҮД ӨӨРСДӨӨ ЭРВАА БОЛОХООР ДИПЛОМТОЙ МЭРГЭЖИЛТЭЙ МЭРГЭШСЭН САЙН ЗАЛУУСЫГ АЖИЛД АВДАГГҮЙ
Хариулах