Албан бус татаас ба эцэг эхийн санхүүгийн дарамт

Admin
2025/05/03

Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд ихэнх эцэг эхчүүд хэд хэдэн ажил зэрэг хийдэг. Хүүхдээ сайн сургуульд сургах, давтлага, курсэд хамруулах зэрэг нь эгэл жирийн амьдралтай ард иргэдийн хувьд бүтэшгүй мөрөөдөл. Уг нь бол нийгмийн хөгжлийн суурь нь гэр бүл, тэр дундаа эцэг эхчүүд байдаг.Орчин үеийн Монголын нийгэмд эцэг эхчүүдийн нуруунд үүрүүлж буй олон талт үүрэг, хариуцлага хэт ачаалал болж хувирч байна.

Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол, хувцас, өдөр тутмын хэрэгцээ сургалт, дамжаа, давтлага дээр нэмэх нь цэцэрлэг сургуулийн нэмэлт татаасууд эцэг эхчүүдэд санхүү хийгээд сэтгэлзүйн дарамтад оруулдаг. Энэ дарамт нь эцэстээ сэтгэл гутрал, ядаргаа бүүр даамжраад гэр бүл салалтад нөлөөлж байна. Энэ бүх санхүүгийн дарамтыг даван туулахын тулд олон ажил зэрэг хийх нь эцэстээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Учир нь Монголын нийгэмд хүүхдэдээ гаргах чанартай цаг хэзээ ч олддоггүй гэхэд хилсдэхгүй. 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болоод эцэг эхчүүд хүүхдээ төлбөртэй хувийн сургуульд сургах эсвэл улсын сургуульд хандив нэрийдлээр хахуул өгч оруулдаг. Энэ нь байх ёстой өртөг, зардал мэтээр эцэг эхчүүд тооцон өдөр шөнөгүй ажилласаар...  Эцэст нь нийгмийн хамгийн том нэгж болох гэр бүлд хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн халуун дулаан харьцаа, эцэст нь бүтэн биш хагас гэр бүлийг бий болгож байна.

Сургууль, цэцэрлэгийн "татаас" буюу албан бус хандив, төлбөр нэрээр авдаг зардлууд нь Монголын олон гэр бүлд санхүүгийн хүнд дарамт болж байна. Багш нарын баяр, эмэгтэйчүүдийн баяр, шинэ жил, төгсөлтийн баяр, хонхны баяр, анги тохижуулалтын хуримтлал, урлагийн үзлэг, зугаалга гээд бараг сар бүр эцэг эхчүүд ямар нэгэн байдлаар хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт татаас өгдөг гэхэд хилсдэхгүй. Энэ нь тогтмол орлоггүй, олон хүүхэдтэй эсвэл өрхийн орлого бага, өрх толгойлсон аав, ээжид хүнд цохилт болдог. Гэвч эцэг, эхчүүд “Хандив өгөхгүй бол хүүхэд ялгаварлагдах вий” гэж айдсаар хүчээр мөнгө гаргадаг. 

Эцэст нь төрөөс санхүүжүүлэх ёстой үйлчилгээ буюу анги тохижуулалт, сургалт, дамжаа зэрэг зарим үйлчилгээг эцэг эхчүүдээс авч нөхөж байгаа нөхцөл байдал нь энгийн байх ёстой үзэгдэл мэт болсон нь төр засгийн буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй.  Хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан ч өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болоод хүүхдүүд сугалаагаар орж харин сугалаанд хожоогүй хүүхэд цэцэрлэггүй үлдэж байна. Цаашлаад сургуульд ороход хүүхэд  заавал сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн заалт нь бодит  амьдралтай сөргөлдсөөр. Өнөөдөр эцэг, эхчүүд нийгмийн даатгал, ХХОАТ зэрэг олон даатгал, татварыг улад өгч буй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хүүхдээ сургульд өгөх зэрэг анхан шатны үйлчилгээ авч чадахгүй байгаа нь хэний буруу юэ? 

Асуудал үүгээр дуусахгүй ээ... Ажил ба цэцэрлэгийн цагийн хуваарь буюу эцэг эхчүүдийн цаг хугацааны дарамт. 

Улсын цэцэрлэг 18:00 цагт хаадаг, харин улсын  байгууллага 17:30 цагт хувийн байгууллага 18:00 цагт дуусдаг. Өнөөдөр Монголд цэцэрлэг, ажил, гэр 3 ойрхон байдаг айл ховор. Хотын түгжрэл, ажлын ачааллаас болж эцэг эхчүүд хүүхдээ авч амжихгүй байх нь элбэг. Үүнээс шалтгаалж зарим эцэг эх ажлаа эрт таслах, чөлөө авах, зарим нь ажлаа алдах тохиолдол ч бий.

Харин энэ нөхцөлд ихэнхи цэцэрлэг хоцролтын мөнгө гэж авдаг. Төлбөр нь 30 минут нь 5000₮, зарим нь 10000₮ гэнэ. Нэг айлаас хоёр хүүхэд тухайн цэцэрлэгт явдаг ээж аав хэрэв 30 минут хоцорвол 10000-20000₮ төлнө. Мэдээж илүү цагаар ажиллаж буй багшид илүү цагийн мөнгийг эцэг эх өгөх ёстой. Харин тухайн цэцэрлэгийн удирдлагууд багш болон эцэг эхийн аль, аль талд нь ээлтэй шийдвэр гаргаж хоцролтын үнийн тарифыг гаргах нь зүйтэй юм

• Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд сургуулиудын санхүү, дотоод менежмент ил тод байх ёстой.
• Сургуулиуд анги тохижуулалт зэрэгт гадны “татаас”-аар бус, улсын төсвөөр хангагдах ёстой.
• Эцэг эхийн ажлын цаг, амралтын тэнцвэрийг хангах хөдөлмөрийн бодлого гаргах хэрэгтэй бизээ

Тийм ээ, Монголын өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд олон талын дарамт, үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч яваа нь бодит үнэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна