Өнөөдөр суут зураач Леонардо да Винчигийн төрсөн өдөр, мөн дэлхийн дүрслэх урлагийн өдөр тохиож байна

Admin
2025/04/15

Өнөөдөр сэргэн мандалтын үеийн суут зураач Леонардо да Винчигийн төрсөн өдөр, мөн дэлхийн дүрслэх урлагийн өдөр юм.Эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, уран барималч, архитектор, хөгжимчин, зохиолч мөн ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой гартан гээд олон гуншин урдаа дагуулдаг Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр өсвөр насны охины нууц хүү болон мэндэлсэн учраас бутач хүүхэд ч гэж мөн хэлэгддэг.

Тэрээр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, мөн арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрео Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болсон байна. Леонардо түүнээс ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг онцгой татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.

Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байсан. Ном их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч ердөө 31 дэвтэр л хадгалагдан үлдсэн юм. 1500-гаад оны үед Францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай, явсан газрынхаа зургийг тоймлон зурж явдаг байв. Тэр алдарт "Мона Лиза"-г энэ үед л бүтээсэн гэдэг.

Тэртээ 1962 онд 100 сая доллараар үнэлэгдэж байсан энэ шедевр бүтээл нь дэлхийн хамгийн том музей болох Франц улс, Парис хотын Лувр музейд оршдог. Нууц инээмсэглэлээсээ авхуулаад сэргэн мандалтын хөрөг зургийн нарийн техникийг өөртөө агуулсан энэ уран зураг 1911 онд Луврын музейгээс хулгайлагдахаасаа өмнө тийм ч алдартай байгаагүй. Луврын музейн ажилтан зургийг жаазнаас нь салгаж аваад алчуурт боон хэнд ч мэдэгдэлгүйгээр гарч яваад оймс болон дотуур өмдтэйгөө цуг 2жил чемодан дотроо хадгалж байж. Хэдий тийм ч энэ бүтээл зураач ,барималч архитекторч, анатомич, зохион бүтээгч, инженер, хөгжимчин , зохиолч гээд бүтээлч хүнд байж болох бүх авъяасыг агуулсан агуу суутан Италийн сэргэн мандалтын үеийн томоохон төлөөлөгч Леонардо да Винчигийн оргил болсон бүтээл бөгөөд одоог хүртэл олон эртэмдийг хооронд нь талцуулж урлагийн ертөнцийн хамгийн маргаантай, тайлагдашгүй олон нууцтай бүтээл хэвээрээ байгаа юм.

Сэргэн мандалтын үед гуманизм хэмээх хүн төвтэй , хүний Бурханаас олгогдсон оюун ухаан бөгөөд үхэшгүй мөнхийн зүрх сэтгэлтэй хамгийн дээд бүтээл бөгөөд хүнд сайн сайхныг бүтээх асар их эрх чөлөө бий хэмээх үзлийн нөлөөгөөр бүтээгдсэн энэ бүтээл нь нэг ёсондоо төгс хүнийг харуулсан бүтээл гэхэд болно…

Сэргэн мандалтын үеийн мундаг уран бүтээлчдийн намтар түүхийг бичсэн анхны урлаг судлаач Жоржио Вазари бичихдээ “ Энэ бүтээлээс урлаг хэдий хэмжээнд байгальтай ойрхон байж, байгалийн нэг хэсэг мэт болж буйг харж болно. Амьд хүнийх мэт нүд нь гэрэлтэн цийлэгнэж, сормуус нь яг л хүнийх шиг зарим хэсэгтээ өтгөн , зарим хэсэгтээ шингэхэн .. хамрын ухархай нь ягааран туяарч яг л амьд мэт харагдана . Аман хэсэг нь бага зэрэг ангайсхийн уруул нь улаарах нь жинхэнэ арьс мах мэт, сайн харвал хүзүүний судас цохилох мэт” хэмээн бичиж байжээ. Луврын музейд буй Мона Лиза маань сормуус байтугай хөмсөгч үгүй тул энэ мөн нэг нууц нь хэвээр үлджээ. Харин хөмсөгний тухайд бол кватроченто буюу 1400-д оны болон дундад зууны үеэс эмэгтэйчүүд илүү эмэгтэйлэг , Бурханы Эх лугаа адил гэгээлэг харагдахын тулд урт гонзгой зуйван цагаан нүүртэй болохыг эрхэмлэн хөмсгөө бүрэн зулгааж духныхаа хэсгийн үсийг хоёроос дөрвөн хуруу хусдаг байсантай ч холбоотой байж магад.

Тэрбээр хүний биеийн анатомийг судалж, хүний мөн чанарын ээдрээт дүрслэлүүдийг илэрхийлсэн нь уран зургийн салбарт үнэлж баршгүй нөлөөллийг үлдээсэн юм.

 

Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байв. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэр шувууд хэрхэн нисдгийг судалжээ. Леонардо хүн болон шувууны бие харьцуулан судалж, зураг төсөл хүртэл гаргасан байдаг.

Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадаагүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. 

1490-ээд оны үед Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг хийж бэлтгэжээ. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсан юм. Леонардогийн олон зураг, төсөл хэрэгжихэд 20-р зуун зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд харин түүний үед зөвхөн л цаасан дээр хийсэн юм. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолжээ.

1519 онд агуу их сэтгэгч Леонардо да Винчи таалал төгсчээ. Түүний олон загвар туршилтууд дуусалгүй үлджээ. Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болжээ. Гэтэл түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр дуурайл болж байна. Леонардо шинжлэх ухаанд түүний дотор соёл урлаг, механик техникийн шинжлэх ухаанд байнга нээлт хийсээр амьдарчээ. Тэр дүрслэх урлагийг эрдэмтэй хослуулсан агуу их өмч хөрөнгийн эзэн байлаа. Тиймээ тэр бол сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг мөн. 

Эх сурвал:ж: Урлаг судлаач М.Амина

                                                       Википедиа 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна