Урлагт эх хүний сэтгэлийг илэрхийлсэн нь

Admin
2025/04/07

Замбуу тивд хэн зовж зүдэрч байна түүнд тусална. Хэн юу хүснэ- биелүүлнэ, хэн зовно түүнийг гэтэлгэнэ...Цөвүүн цаг тохион бусад бурхан хүмүүн төрөлхтнөөс нүүрээ буруулахад ганцхан Дарь-Эх бурхан хүмүүн, амьтны тусын тулд үлддэг тангарагтай. Дарь-Эх бурхан "Ертөнцийг хоосрох хүртэл амьтан, хүмүүнийг ялгахгүй бүсгүй хүний төрхөөр буян бүтээнэ" гэж тангарагласан байдаг. Эхийн хайр гэдэг бол уран зохиол, дуу шүлэг, тайз дэлгэцийн бүтээлүүдийн хувьд шавхагдахгүй том сэдэв билээ. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хадны сүг зургаас эхлээд эх хүний, ээж хүний тухай уран бүтээлчид өөр өөрийн хэлээр магтан дуулсаар байна.

Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хүмүүний  сэтгэл тэр тусмаа эх хүний сэтгэлийг  урлагийн хэлээр хэрхэн дүрсэлсэн бол?

Өрнийн соёл, дорнын соёл өөр өөрийн онцлогтой. Өрнийхөн буюу Европ ээж нар  хүүхдээ төрсөн цагаас нь тусад нь өрөөнд байлгах, нас биед хүрэх үед тусад нь амьдруулах, ямар нэгэн буруу үйлдэл хийхэд хариуцлагыг нь өөрөөр нь үүрүүлэх зэргээр багаас нь биеийг нь даалгаж, хувь хүн болгон өсгөдөг. Харин Дорнын соёлтой Ази ээжүүдийн хувьд үхэн үхтлээ ээжийн үүргээ биелүүлж, хүүхдээ балчир хэвээр нь хайрлаж, бусдаас хамгаалсаар ирдэг. Үүний нэг тод жишээ болсон бүтээл бол БНСУ-ын найруулагч Бун Жүн Хогийн 2009 онд найруулсан “Ээж” УСК юм.

Бун Жүн Хо найруулагч "Солонгос ээжүүд бол энэ дэлхий дээрх хамгийн халамжтай ээжүүд" гэсэн байдаг. Энэ кинонд гэмт хэрэг үйлдсэн хүүгээ хамгаалахын тулд өөрөө гэмт хэрэг үйлдэж буй ээжийн тухай өгүүлдэг. Энэ ээжийн дүрийг сайн эсвэл муу дүр гэж тодорхойлоход хэцүү. Хүүгийнхээ гэмт хэргийг нуухын тулд гэрчийн амь насыг хөнөөж байгаа нь эсрэг дүрийг илэрхийлэх боловч эцсийн мөч хүртэл өөрийнхөө мөн чанараас урваж үрийнхээ төлөө сонголт хийж, шийдвэр гаргаж байгаа эх хүний сэтгэл нь түүнийг эерэг дүр болгоно. Хэрвээ барууны орны ээж байсан бол хүүгээ гэмт хэрэгтэн гэдгийг мэдээд цагдаа дуудаад шийтгэлийг нь хүлээлгэх байсан болов уу? Тэгвэл энэ киноноос дорнын ээжийн дүрийг тод томруунаар харж болох юм.

Мөн Дорнын Ээжийн сэтгэлийг илэрхийлэх гайхалтай нэгэн шүлэг бол МУ-ын Ардын уран зохиолч П.Бадарчийн “Эхийн сэтгэл” бүтээл юм.

                                                                                                    Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ 

 Ийм аймаар зүүд 80 наслахдаа зүүдлээгүй 

 Сааль сүүндээ дэгэлзэж явсан ч 

 Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч 

 Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна 

 Сайхан дуу зохиож гэнэ миний хүү араажаваар дуулж байна лээ 

 Сайн явна гэнэ миний хүү аяны хүн хэлж байна 

 Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна

Алин ч надад ялгаагүй дээ 

Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ

Ижий нь хүүгээ их санах юм аа 

 Араг савар 2оо зөрүүлэн байж би чамайг боддог 

 Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг Алгаа миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлийг тэндээ царцтал харлаа 

Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал нь би хүүгээ ширтлээ 

Ижийдээ ирсэнгүй Хүний хүү ижийдээ ирж гэнэ

Гол усаар л нэг найр наадам болж байна 

Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ 

Голыг минь хугалан хэлж байна 

Аа яадаг юм ороо л биз гадагшаа би хүүгээ өмөөрлөө 

Ам нь цангаж байгаа байхдаа муу хүү минь дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү 

Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү 

Алаг бумбал эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан 

Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийхэв ижийдээ л хүрээд ир 

Ядарч яваа юм бол миний тэнд байгаад яахнав ижийдээ л хүрээд ир 

Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин хүү минь 

Ижийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан хүү минь Ижийдээ ир ээ

Хөхөөрөө чамайг даллая Үхэхээрээ чамайг айлгая 

Миний хүү ижийдээ ирээ Ухаантайдаа миний хүү хурай хурай хурай 

Унага шиг ижийдээ давхиад ир гурий гурий гурий

Яруу найрагч Базарсадын Баттулга энэ бүтээлийн тухайд:

Эхийн нүд үнэхээр гайхамшигтай. Хүний нүдэнд "хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин хүү" харагддаг бол ижийн нүдэнд "манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан хүү" харагдана." Алив, миний хүү нааш ир..." гэхэд ассан гал дундуур ч мөлхөх хүүгээ санаад гадагшаа өмөөрч, дотогшоо өмөлзөх эх хүний сэтгэл ээ гэж...

П.Бадарч гуай: "-14, 15 насанд ээжийгээ их санана, ижийдээ уяатай эргэнэ. Тэгээд бас өндөр насны даваан дээр ижийгээ их санадаг бололтой юм. Харин дунд нь эхнэртээ эрхлээд мартаж орхино. Ээжийнхээ ачийг хариулж мэддэггүй хүмүүн бид ч мунхаг улс даа " гэж хэлээд "Эхийн сэтгэл" шүлгээ уншиж, энгүй уянгалаг монгол ардын нэг дууг аялж билээ л...Самсаа шархирч, нулимс дотогшоо урссан энэ агшин хоромд л :

"Бид чинь ээжийнхээ сэтгэлийг ерөөсөө ойлгодоггүй, ойлговч яаж хариулахаа огт мэддэггүй өнгөрчихдөг, өнгөрөөчихдөг улс юм байна шүү..." гэсэн бодол гол зурсан сан..

"...Хөхөөрөө даллаж

Үхэхээрээ айлгасан..." хөөрхий дөө, ижий хэмээх хүн бурхан бурханы дээд амьд бурхан юм байна.

"Араг савар хоёроо

Зөрүүлэн байж бодсон

Аргал чулуу хоёрыг

Андууран түүж санасан..." ээждээ одоохон нэг очоорой, амар мэндийг нь асууж сэтгэлээсээ нэг яриарай!

Амьд байгаа чинь ижий хүнд алдар, нэр хүндийн гавъяа мөн байдаг юм. Үүнийг эрхэм хүмүүн тан-аа өр зөөлөн, оюун ухаан- авъяас мэдрэмж төгөлдөр буурал найрагчийн шүлгүүд халуун дотноор шивнэж байна.

"Эхийн сэтгэл" дээр энэхэн замбуулин тогтож, сүүн тэнхлэгээ эргэнэм билээ л...гэсэн нь бий.

Монгол ээж, эх хүн үхэн үхтлээ үрийнхээ төлөө сэтгэлээ чилээсээр амьсгал хураадаг.

Эхийн сэтгэлийг энэ орчлонгийн хамаг бүхний сайн сайхан үүсэн дэлгэрэх сүүн шалтгаан, гол үндэс гэж үздэг билээ.Монголчууд бид угаасаа л ижий амьтай улс билээ. Эхийн тухай бичээгүй найрагч Монголд үгүй ээ.

Тэгвэл ХХ зууны манлай зураач, Төрийн хошой шагналт, Ардын зураач Очирбатын Цэвэгжавын 1968 онд зурсан “Эхийн цагаан сэтгэл” гэсэн бүтээл буй.

О.Цэвэгжав ээжийгээ алдаад удаагүй байхдаа энэ зургаа зурсан гэдэг. Тэрээр эхийн  цагаан сэтгэл гэдэг энэхүү бтээлдээ цагаан бөнгөөр эх хүний энэрэнгүй сайхан сэтгэл, үр хүүхдээ нар шиг дулаан илчээрээ үргэлж ивээдэг. Эхийн сэтгэлд хэзээд шув шулуухан байх ёстойг төлөөлүүлсэн гэдэг бол эхийн сэтгэл цэлмэг хөх тэнгэрийн адил уужим тэнүүн, тэр сайхан сэтгэлийнхээ хүчээр амьдралыг үргэлж тэтгэн тэжээж байдгийг ногоон өнгөөр харуулахыг зорьсноо зураач хожим нь тайлбарласан байдаг. Анагаах ухааны дэвшилтэд технологийн хүчээр бид бүх л эд эрхтнээ ямарыг харж болдог ч сэтгэл гэдэг эрхтэнг харах боломжгүй. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хүмүүний  сэтгэл гээч юмыг зурж илэрхийлэх. Тэр тусмаа эх хүний сэтгэлийг...

Монголын дүрслэх урлагийн түүхэнд эргэлт хийсэн хэмээн урлаг судлаачдын үнэлдэг эл бүтээл нь 75х56,5смын харьцаатай, тосон будгаар бүтээгдсэн бөгөөд эдүгээ Монголын уран зургийн галлерейд хадгалагдаж байна.

11хэн см бяцхан энэ барьмал бол 29500 жилийн настай чулуун зэвсгийн үеийн нэн чухал олдвор.

Хүй нэгдлийн үе буюу ан,ав хийж амьдардаг соёлт итргэншил бий болоогүй тэр цаг үед  зэрлэг гэж хэлж болохуйц хүмүүс эмэгтэй хүний тэр дундаа жирэмсэн байж болох эх хүний баримал урлажээ. Эмэгтэйн хөх , өргөн дугариг бэлхүүс болон нөхөн үржихүйн эрхтэнг маш онцгойлон гаргасан байгаа нь магадгүй бүхнийг төрүүлэгч "эх" хүнийг шүтэх үзлээс ч болсон байж болох. Австриас олдсон энэ бяцхан барьмал эдүгээ 60сая доллараар үнэлэгдээд буй.

Хуучин чулуун зэвсгийн үед эхийн эрхт ёс ноёрхож байсныг илтгэх эх хүн, голомт сахигч, өсөн төлжихийг бэлгэдсэн эмэгтэй хүний ерөнхий дүр төрх бүхий баримлууд олноор олддог бөгөөд эдгээрийн тодроос МЭӨ 30,000 жилийн үед хамаарах “Виллендорфийн Венера” нь хамгийн эртний уран барималын тоонд ордог. Олдсон газрынхаа нэрээр алдаршсан энэхүү эмэгтэй хүний дүрс нь бодит хүний бус харин эмэгтэй хүний ерөнхий шинж төрхийг илтгэсэн байдаг.

Тэгвэл “Эхийн сэтгэл” хөгжмийн хэлэнд хэрхэн буусан бэ?

Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын “Эхийн сэтгэл шиг” хэмээх хөгжмийн бүтээл буй.

1988 онд бүтээсэн энэ бүтээлээ хөгжмийн зохиолч маань хань Д.Ганчимэгтээ зориулсан байдаг. "Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшигээр илэрхийлдэг" хэмээн Бямбасүрэнгийн Шарав хэлсэн удаатай. Тэрээр намайг Эхийн минь сэтгэл шиг яг тийм хайраар хайрласанд байярлалаа гээд ханьдаа энэ бүтээлээ зориулсан гэдэг. Өвчин шаналалыг сөрөн байж, зовохын цагт эхийн хайраар халамжлан хайрлаж, арчилж тордож буй хайртай гэргийгээ өрөвдөн энэрэх сэтгэлийн өчил нь чухамхүү энэхүү “Эхийн сэтгэл шиг...” бүтээл ажгуу.  

Энэ мэт тайз, дэлгэц, дүрслэх урлаг, утга зохиол гээд урлагийн бүхий л хэлээр эхийн сэтгэлийг илэрхийлсэн дүрсэлсээр байна. Бие барж, тэнгэрт хальсан ч эхийн сүнс үрийнхээ төлөө үл амарна. Үрээ гэх эхийн сэтгэл ийм ажгуу. Хүмүүний ертөнцөд Эх хэмээх бурхад оршсоор.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна