ХЭРГИЙН ГАЗРААС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ ДУГААР ДОЛОО:ТӨРИЙН ЦАГДААГ ҮХЛҮҮТ БОЛТОЛ ЗОДСОНЫ УЧИР

Admin
2025/02/24

ХЭРГИЙН ГАЗРААС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ:

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Хүндэт доктор, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч Загдын Батсүхийн “Хэргийн газраас  сурвалжилсан тэмдэглэл” номоос... Энэ хүү ном дээр дурдагдсан үйл явдлууд нь  шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит гэмт хэргүүд болно.

Дугаар долоо: “Төрийн цагдааг үхлүүт болтол зодсоны учир”

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төв буюу Баруунхараад ганц өрөөтэй намхан шавар байшингийн шалан дээр тавьсан дэвсгэр дээр гар хөл нь мэдэгдэхгүй шахам жижигхэн шовгор залуу сууна. Түүний нэрийг Хүрэлээгийн Энхтөр гэдэг, энэ жил 25 настай. Бусдад зодуулж тахир дутуу болоод хоёр жилийн нүүр үзэж суугаа нь энэ. Бусад хүчин зүйл, элдэв золгүй тохиолдлоор хүн эд эрхтнээсээ салж тахир дутуу болох явдал байдаг л даа. Гэтэл энэ залуу дэндүү харамсалтайгаар бараг хамаг юмнаасаа салжээ. Түүний сэтгэн бодох оюун ухаан нь арилж, усан дүйнгэ болсны сацуу баруун гар, баруун хөл хоёр нь их биетэйгээ залгаатай боловч аль хэдийнээ амь нь тасарч яс нь үлджээ. Ухаангүй олон сар хэвтэх үед эрүүл мэт байсан зүүн хөл нь битүү шархны улмаас дотроосоо идээлж, ясандаа орсон тул эмч нар түүнийг нь бүр угаар нь тайрч мухарлажээ. Одоо түүнд оюун тархины жолоодлогогүй зүүн гар нь л үлджээ. Үртэй хүний элэг эмтэрмээр, харахаас нүд халтирмаар Х.Энхтөр гэх тэр нэгэн залуутай үг солих гэж оролдсон боловч түүнд ойлгох, ярих ухаан алга.

Нойр хоолондоо ямар байна, одоо зовуурь шаналгаа байна уу? гэх зэрэг ойр зуурын юм асуухад мэдэхгүй гэдэг ганц үгийг давтан хэлж байлаа. Хөөрхий дөө, хүний сайхан үр ийм ч болчих гэж дээ гэж бодохоос дотор харанхуйлан гол харлаж суулаа.

Болсон явдлын тухай эргэн сөхвөл

1991 оны 7 дугаар сарын 19-ний орой цагдаа Х.Энхтөр, н.Мөнхнар хоёр Сүхбаатар хотын малчны хороололд эргүүлд гарчээ. Энэ өдөр цагдаагийн  байгууллагын баяр болж байсан аж. Эргүүлд гараад буух цаг болсон тул тэр хоёр танил найз Баясгалангийнд орж, баяр тэмдэглэж байгаа нь энэ гэж гурвуулаа 2 шил архи хувааж уугаад гарсан байна. Баясгалан нь хоёр цагдаатай хамт яваадаа эрдсэн үү замд тааралдсан Батбаяр гэгч залууг барьж аваад “Чи миний дүү Шинэбаярыг хэд хоногийн өмнө зодож, хөмсгийг нь тас цохисон байна лээ” хэмээн хэд хэд нударгалаад орхижээ. Тэгээд явж байтал тун ч удалгүй Батбаярын ах Батболд гэгч уурандаа улайрсан амьтан “Баясаа хаана байна, тэр мууг ална булна” гэсээр гүйж иржээ. Энэ үед Баясгалан зугтаж амжсан байна.

Харин цагдаа Энхтөр:Би байна гэхэд

Би таныг танина, чи хөндлөнгөөс хүний хэрэгт орлоо хэмээн ойртож иржээ. Цагдаа Энхтөр түүнийг ойртож ирэхэд нь:

Чи Баясааг зодох гээд байгаа юм бол намайг оронд нь зодчих л доо гэж хэлээд ташаандаа байсан бороохой руугаа гараа явуултал толгой дундуур нь хүнд хатуу юмаар хоёр удаа цохиж цагдаа ч үхэтхийн унажээ.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт

Хохирогч Х.Энхтөрийн толгойн зүүн талаас дух зулайн хэсгийн яс нь хагаран дотогш цөмөрч, тархи руу нь орсон, 6 см орчим гүнзгийн шарх үүссэн. Мөн зүүн чихний дээд хэсэгт 5 см орчим урт зүсэгдсэн шархтай. Эдгээр гэмтэл нь иртэй хурц багажаар хүчтэй цохисноос үүссэн. Хохирогчид архаг хууч өвчин байхгүй. Энэ гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүнд гэмтэл болно гэж магадлан тогтоожээ.

Энэ хэрэг дээр анхаарч магадлахаар хэд хэдэн ээдрээтэй асуудал байсан боловч тухайн үед Сэлэнгэ аймгийн шүүх, прокурорын хариуцлагатнууд, хэргийг мөрдөн байцаагч нар санаатай ч юм уу? санамсаргүйгээр түүнийг тодруулалгүй бүрхэгдүүлэн өнгөрүүлж, асуудлыг эцэслэн шийджээ.

Тухайлбал, хэрэгтэн Ц.Батболд “Би хаана нь  цохисноо ч мэдээгүй” гэжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчид зөвхөн ил үүссэн шарх нь түүний дух, зулай, зүүн шанаа зэрэг гурван газарт байжээ. Мөн зүүн хөлийн ясанд нь битүү гэмтэл шарх үүссэн байсан нь олон сарын хөдөлгөөнгүй нөхцөлд сэдэрч үүнийг эмч нарын комиссын магадалгаагаар  нотлон хөлийг нь тайрсан байна. Нөгөө талаар труба гэдэг бол голдоо нүхтэй хөндий төмрийг хэлдэг. Гэтэл үүссэн шарх нь иртэй сүх заазуур мэт багажийн хүчтэй үйлчлэлээр гэдэг нь нотлогдсон байдаг. Асуудал ийм ээдрээтэй нь илт байхад мөрдөн байцаагч, шүүгч нар хэргийн  гол эд мөрийн баримтыг олж тогтоогоогүй орхисон нь эргэлзээ төрүүлж байна. Мөн шүүх хурлын таслан шийдвэрлэсэн тогтоолд гол гэрчийн нэг болох цагдаа Мөнхнараас шинэчилсэн мөрдөн байцаалт  аваагүй нь бас хачирхалтай санагдана. Ер нь өрөөлийг ална булна гэж дайрсан танхай этгээдээс хамгаалах гэсэн нь буруу гэж үү? Энэ чинь цагдаагийн үүрэг, өргөсөн тангараг шүү дээ. Шүүгч нар энэ талаар ч нарийн тодруулсангүй. Эцэст нь энэ ноцтой гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэж вэ? гэвэл хэрэг гарснаас хойш бүтэн найман сар гаруйн дараа Сэлэнгэ аймгийн шүүхийн эрүүгийн шүүх хурал шүүгч М.Наранцэцэг, ардын төлөөлөгч П.Оюун, Н.Гармаа, нарийн бичгийн дарга Ж.Бурмаа, өмгөөлөгч Д.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, тус хурлаас шүүгдэгч Ц.Батболд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа. Энхтөрийг асруулах тухай хохирогч нарын хүсэлт зэргийг харгалзан Монгол улсын эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил хорьж шийтгэсүгэй. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийг журамлан эдлэх 4 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай. Ц.Батболдоос 7742 төгрөг гаргуулж хохирогчийн ар гэрт олгосугай гэсэн тогтоол уншиж “За ийм л байна. Баяртай гэгч” болжээ.

Хохирогчийн эх Д.Дуламын яриа             

Миний хүү Энхтөр ажил амьдралтай, эхнэр, хүүхэдтэй, хавь ойрдоо нэр нүүр сайтай сэргэлэн сайхан хүү байсан юм. Алтанбулагийн ХАА-н техникум төгсөж, Баруунхараагийн Сангийн аж ахуйд малын эмч, зоотехникчээр ажиллаж байсан. Тэгээд Сангийн аж ахуйд бутрахад энд ажиллахгүй гээд гарсан. Урьд нь Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн ангид алба хаасан болоод ч тэр үү, сэргийлэхэд л ажиллана гэж ирээд Сэлэнгэд цагдаа болсон юм. Анх цагдаа болоход нь хар муу юмнаас хүүг минь төрийн сүлд аварна гэж бэлгэшээн дуртай л байлаа. Ингэнэ чинээ яаж санах вэ дээ. Гэтэл цагдаа гэдэг чинь төрийн авралд багтах бус танхай хүмүүсийн гарт шүүслүүлэх бай болж явдаг юм байна.

Миний хүүг зодсон тэр залуу ганцаараа ч байгаагүй юм билээ. Газар унахаар нь хээн залуус нийлж гэртээ аваачиж шарх сорвийг нь угааж боосон гэсэн. Эхлээд Сэлэнгэ аймгийн эмнэлэг хагалгаа хийж хорь гаруй хоног ямар ч ухаангүй хэвтсэн. Эмч нар ямар ч найдваргүй гэсэн. Гэтэл сар орчмын дараа ухаан орох янзтай болмогц Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт аваачиж үзүүлсэн. 2 дахь хагалгаа хийж  орчноо мэдэрдэг болгосон боловч хэл орохгүй байсан. Тархинд үүссэн идээ бээрийг цэвэрлэхэд өвс, үс, элс шороо хүртэл гарсныг эмч нар нь бидэнд үзүүлсэн. 3 дугаар эмнэлэгт хэвтэж байтал “тариурын шар” аваад Халдвартад очиж сар шахам хэвттэл тархиных нь шарх үрэвсэн гадагшаа түмбийгээд гараад ирсэн. Татаж ухаан алдаад байсан тул 3 дугаар эмнэлэг 3 дахь удаагийн хагалгаа хийсэн. Ингээд 1992 он дуусаж, эмнэлгээс хүүгээ аваад Баруунхараад ирсэн. Энэ үед баруун гар, хөл хоёр нь мэдээгүй, толгой нэг тийшээ мурийж үе үе татдаг, хааяа суудаг, ганц хоёр үг хэлдэг болоод байсан юм. Өтгөн шингэнээ дороо гаргачихдаг хэвтрийн хүн чинь байнгын асрамж шаардана. Хэдийгээр бид байдгаараа чармайн асарч байсан ч  хоног хоногоор муудаж, 1992 оны 2 дугаар сар гэхэд нуруу бөгс нь цоорч, зөвхөн амьсгаатай яс, арьс л үлдсэн. Ингээд байтал тархи нь дахин идээлж, усан хавангаар дүүрч тулам шиг болж хавдсан. Горьдлого тасрахгүй дахиад л 3 дугаар эмнэлэгт авч очсон. Дөрөв дэх удаагаа хагалгаанд оров. Тархинд нь хагалгаа хийлгээд сар шахам болж байтал эрүүл ганц зүүн хөл нь хавдаж үлээсэн гүзээ шиг юм болчхов. Эмч нар зургийг нь харж шинжлээд хөлийг нь тайрч авахаас өөр аргагүй гэсэн. Тэгээд цацраг туяад авч очоод хөлийг нь тайруулсан. Ач тусаа үзүүлсэн алтан гартай эмч нар маань ч үгээ хэлж энэ бол эцсийнх шүү гэдгийг бидэнд ойлгуулсан. Ингээд л аргаа барсан бид хүн гэхэд хэцүү болчихсон амьсгаа төдий амьтнаа аваад нутагтаа ирээд байгаа нь энэ дээ” хэмээн эх хүний халуун нулимсаа энгэрээ нортол урсган урсган ярьж байлаа. Энэ эхийн нулимс хоёр жил урссан атал үрийн төлөө гэсэн сэтгэл нь ивлэж, гомдол цөхрөлийн гашуун охь болон гарсаар явна уу гэлтэй.

Эднийх 10 хүүхэд 8 ачтай, бэр хүргэнтэйгээ нийлээд 23-уулаа өнөр өтгөн айл ажээ. Энхтөр ууганы удаах, эдний гурван том нь айл гэр болж, өрх тусгаарлаад байжээ. Эгч Г.Нарантуяа нь Шарын голын эмнэлэгт бага эмч ажилтай байсан ч дүүгээ асрах гэж ирээд 1991 оны 7дугаар сараас хойш ажилдаа буцан орж чадалгүй 1992 онтой золгожээ.  Өнгөрсөн оноос Багануурт ажиллаж байсан эмэгтэй дүү Г.Сэлэнгэ нь бас ирж ахыгаа асралцаж байна.

Энэ айлыг дайрсан гай зовлон зөвхөн Энхтөрөөр зогсохгүй эцэг, эх, эгч, дүүс  гээд олон айлын амьдралын эргүүлгийг өөрчилж орхижээ. Энхтөр энэ гунигт үйл явдлаас өмнө гэр бүл зохиогоод байсан юм.  Түүний гэргийг Амарсанаа гэдэг бөгөөд 24 хөн настай. Тэрээр үрийн минь эцэг, анхны минь хань гэх хүнлэг нинжин сэтгэлээр үрээ тэврэн элгээ эгшээн сахиж сууна.Уяатай ботго шиг ганц өвчтэй хүнээ тойрон эргэцсэн 20 гаруй хөгшин хөвөө, хүүхэд нялхас дотор өнөөдөр ажил албатай хүн нэг ч үгүй болжээ. Гагцхүү амины хэдэн малаа эргүүлж ам хөдөлгөцгөөж сууна. Энхтөрийн ээжийн тэтгэвэр болон түүний группийн хэдэн төгрөгөөс өөр орлого байхгүй. 1991 оноос эхлэн олсон хэдэн төгрөг байсан жаахан юмаа гагцхүү өвчтэй хүндээ зориулж, эм тариа, боолт, элдэв түрхлэг, тос, нааш цааш ядах зардал гээд чухам хэд хэчнээн төгрөг гарсныг тооцох аргагүй. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар хааяа эргэж тойрч хэд гурван төгрөг өгдөг гэж хүүгийн эцэг эх нь баярлан ярьж байлаа. Харин аймгийн шүүх, цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор хохирогчийн хохирлын төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн боловч хохироосон этгээд Ц.Батболд, түүний эцэг Цолмон нар эхний жилд цөөхөн хэдэн төгрөг өгөөд 1992 оноос эхлэн цааргалж “Бидэнд бололцоо алга тэр шоронд чинь оръё” гэх мэтээр бүдүүлэг авирлах болсон гэнэ. Дутагдаж гачигдахын эрхэнд арга тасрахдаа 1992 онд Энхтөрийн эх гурван удаа, эцэг нь хоёр удаа Баруунхараагаас зардал, чирэгдэл гарган Сүхбаатар хот орж учраа хэлэн гуйж байж нэг удаа 2000, дараа удаад 3000 төгрөг авчээ. Уг нь хуулийн байгууллагын тогтоож өгснөөр 1992 онд 42 мянган төгрөгийн төлбөр авах ёстой гэнэ.

Байдал ийм атал Энхтөрийн ээж Дулам “хүүг минь гэмтээсэн тэр залууг заавал ял эдлүүлнэ гээд яах вэ?. Гол нь хамтарч асарч тордох нь чухал байна” хэмээн хөдөөгийн хүний гүндүүгүй сайхан сэтгэлээр өгүүлж сууна. Тэрээр энэ үгээ шүүх хурал дээр ч хэлж, шүүгч нар ч үүнийг нь тогтоолдоо өлгөн авч, Ц.Батболдын ялыг хөнгөрүүлэх нэг үндсэн шалтаг болгосон байх юм.

Ийнхүү төрийн цагдаагийн дүрэмт хувцастай гялалзаж явсан идэрхэн залуу өнөөдөр үйлт хорвоогийн өдөр хоногийг тамын шаналангаар чадан ядан өнгөрөөж, эцэг, эх, эгч дүүс, амраг хань, алаг үр нь давхар зовж сууна. Гэтэл үеийн нөхрөө ийм болгочихсон хүн нь энэ явдлыг аль хэдийнээ мартан санаа амарч ял зэмгүй шахам өнгөрсөндөө онгирон эрх дураар тонгочиж явна. Үхсэний хохь, амьдын зол гэгчээр манай энэрэнгүй хууль хүмүүст ингэж л үйлчилж байна даа. Даанч шударга бус хувь тавилан юм даа.                    

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна