Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энх-Амгалан: Эрүүл, чанарын баталгаа хангасан цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэдэг ажлаараа бахархдаг

Үүрийнтуяа
2023/11/16

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ- 

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна. 

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №19

“MGL Aqua” ХХК - “Voyage” цэвэр усны үйлдвэр

Ажилтан нэг бүрийн ажиллах таатай орчныг бүрдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Худалдааны төлөөлөгч Б.Энх-Амгалан /баруун гар талаас хоёр дахь/, Хүний нөөцийн менежер Ц.Бадамханд /баруун гар тал/, Борлуулалтын албаны дарга Б.Бат-Оргил /зүүн гар тал/, Захирал Т.Дөлгөөн /зүүн гар талаас хоёр дахь/

Монголын хамгийн анхны цэвэр усны брэнд “Voyage” 

Энэ оны 4 сарын сүүлээр бид Сонгинохайрхан дүүрэгт байрлах “MGL Aqua” ХХК-ийн “Voyage” цэвэр усны үйлдвэрийг зорьсон юм. 

Үйлдвэрт ороход ямар нэг зүйл тэсэрч байгаа мэт тас тас хийх чанга чимээ нэгэн жигд хэмнэлээр нүргэлж байв. Энэ нь хуванцар бэлдцийг өндөр даралттай агаараар хийлж томруулан цэвэр усны сав бэлтгэх дамжлагын дуу чимээ ажээ.  

Тус компанийн “Voyage” брэнд нь Монголын анхны савлагаат цэвэр ус юм. 120 метрийн газрын гүнээс татсан усыг олон улсын стандартын дагуу 6 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг бөгөөд, брэндийнхээ нэрийг “Таны амьдралын аялал бүрд хамтдаа” гэсэн утгатайгаар өгчээ. “Voyage” цэвэр ус нь ард түмний хэрэглээнд нийцүүлэн 6 төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна. 

“MGL Aqua” ХХК нь өөрийн 10,000 гаруй харилцагчдаар дамжуулан Монгол улсын өнцөг булан бүрд өөрийн бүтээгдэхүүнээ түгээж, ард түмний цангааг тайлан 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 

Тус компани нь хоёр зүйл дээр голлон анхаарч ажилладаг байна. Нэгдүгээрт, Бумбатын рашаанаас эхтэй газрын гүний цэнгэг усыг технологийн өндөр түвшинд шүүж, чанарын баталгаатай усыг хамгийн боломжит үнээр зах зээлд нийлүүлэх, хоёрдугаарт, бүтээгдэхүүний сав, баглаа боодолд хамгийн хөнгөн хуванцар ашиглах, шошгод хамгийн бага өнгө будаг ашиглах зэргээр байгальд аль болох хамгийн ээлтэйгээр үйлдвэрлэлээ явуулахыг зорин ажилладаг. 

“Voyage” цэвэр усны үйлдвэр нь Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Улаанбаатар хотын 9 дүүргээс оршин суугчдын тоогоороо 2-рт орох Сонгинохайрхан дүүрэг нь орон нутгаас шилжин ирж суурьшсан иргэд олон гэр хорооллын хэсэг юм. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур иргэд болон шинээр ажил хайгчдын тоо ч их учраас компанийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн ХХҮХ болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ойр орчмын иргэдийг авч ажиллуулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар компанийн нийт ажилтны 75 хувь нь тус дүүргийн иргэд ажээ. 

Мөн 2018 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр идэвхийлэн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 160 ажилтантай, үүнээс 10 нь сонсгол, хараа, тулгуур эрхтэн болон дотоод эрхтний бэрхшээлтэй ажилтнууд байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын хувьд цэвэрлэгээ үйлчилгээ, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг компанийн бүхий л алба хэлтэст ажиллаж байна. 

"Компани болон үйлчлүүлэгчийг холбодог чухал мэргэжил болохоор ажлаараа маш их бахархдаг"

Б.Энх-Амгалан нь Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд баруун гар нь хөгжлийн бэрхшээлтэй. /зургийг 2023 оны 4-р сард авав/

Б.Энх-Амгалан нь Борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд  баруун гар нь хөгжлийн бэрхшээлтэй. Түүнийг төрөх үед нь хүндрэл гарч, эмч баруун гараас нь татаж гаргасан бөгөөд, тэр үед мэдрэлийн судас нь гэмтэж, саажилттай болжээ. Тэрбээр ах дүү долуулаа бөгөөд гэрийнхэн дотроо ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй гэнэ.

 Одоо ам бүл 5-уулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Энх-Амгалан “Хүүхдүүдээ хоёр гараараа өргөж чадахгүй болохоор  хааяа жаахан гунигтай санагддаг. Гэхдээ манай гэр бүл өдөр бүрийг маш аз жаргалтай өнгөрүүлж чаддаг гэж боддог. Үргэлж бүх талаар дэмжиж байдаг гэргийдээ маш их баярлаж явдаг” гэж ярив. 

Энх-Амгалан Баянгол дүүргийн борлуулалтыг хариуцдаг бөгөөд хувийн жижиг дэлгүүрүүдээс эхлээд нийт 260 гаруй дэлгүүр дэх Voyage усны хангалт, борлуулалтыг хариуцан ажилладаг. Борлуулалтын алба нь нийт 35 ажилтантай ба өглөө бүр 9 цагт цугларч, борлуулалтын график дээрээ ярилцсаныхаа дараа тус тусын хариуцсан дүүргүүд рүү явж, гэрээт дэлгүүрүүд дээрх үнийг хянах, барааны тоо, өрөлт зэрэг дээр хяналт тавих болон шинээр гэрээт байгууллага олох зэргээр завгүй ажиллацгаадаг байна. “Хоёр жилийн өмнө анх ажилд орсон тэр үед гэрээт газрууд дээрээ нэг бүрчлэн очиж, байршлыг нь цээжлэхээс эхлээд жаахан хэцүү байсан” гэж Энх-Амгалан дурсан ярив. Угийн нээлттэй, харилцааны өндөр чадвартай тэрбээр богино хугацаанд ажилдаа дадлагажиж, гэрээт газрынхаа хүмүүстэй хэдийн төвөггүй хамтарч ажиллах болжээ. “Ажлаар явж байх үед гэнэт нэмж бараа өрөх шаардлага гарч оройтох үе гарна, төлөвлөгөө биелэхгүй, төлөлт удаашралтай зэрэг бэрхшээлтэй зүйл багагүй гардаг ч “Худалдааны төлөөлөгч” бол компани болон үйлчлүүлэгчийг холбох гүүр учраас энэ ажлаараа маш их бахархдаг” гэж ярив.

 Хамт олон нь Энх-Амгаланд их итгэл найдвар хүлээлгэдэг болох нь тэдний ярианаас тодорхой байсан. Борлуулалтын албаны дарга Б.Бат-Оргил ч гэсэн “Энх-Амгалан үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг. Даалгасан ажлыг маш нямбай, үнэнчээр хийж гүйцэтгэдэг. Бас их нээлттэй хүн учраас борлуулалтын ажилд маш тохирсон хүн гэж боддог” гэж өндөр үнэлж байв. 

Ажилд орсон эхний үед нь хөгжлийн бэрхшээлийг нь харгалзан үзэж, ажлын ачааллыг нь хөнгөвчлөн бусад ажилтнаас арай бага нормтой ажиллуулж байсан ч одоо бол яг адилхан шаардлага тавьж ажиллаж байгаа гэнэ.

 Тус компанийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж байгаа хүн бол Хүний нөөцийн менежер Ц.Бадамгарав юм. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоог нэмэгдүүлсэн ч ажиллах орчинд нь тохируулга хийхгүй бол тогтвор суурьшилтай ажилладаггүй болохыг олж мэдэрсэн тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бэрхшээлгүй ажилтнаас ямар нэг байдлаар дутуу гэдгээ мэдрэхгүй байх тийм орчныг бүрдүүлэх нь чухал” гэж ярив. 

Удирдлага, хамт олны зүгээс хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт сайн байх шаардлагатай гэж үздэг Бадамгарав менежер хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахдаа хамт ажиллах ажилтнуудад нь тухайн хүний бэрхшээлийн талаар урьдчилан ярьж танилцуулах ажил хийхийг хичээдэг гэнэ. 2022 оны 9-р сард Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран, компани дээрээ Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх зорилгоор сургалт, семинар зохион байгуулсан байна. “Цаашид хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэж Бадамгарав менежер нэмж хэлэв. 

Тус компанийн үйл ажиллагаанаас хамгийн их сонирхол татсан зүйл бол ажлын гарын авлага юм. Алба, хэлтсүүд хоорондоо хэрхэн холбогдож ажилладаг болох, мөн тухайн ажлыг хэрхэн яаж хийх агуулгыг зураг болон текст ашиглан ойлгомжтой байдлаар бэлтгэсэн байв. Нэг удаа шинээр орсон ажилтан ажлын дараалал, агуулгаа мэдэхгүй сандарч байгааг анзаарч харсан Бадамгарав менежер удирдлагадаа гарын авлага хийх санал тавьж, улмаар 2022 оны 11-р сард алба, хэлтсийн дарга нар болон хүний нөөцийн алба хамтран гарын авлагуудыг бэлтгэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан төдийгүй энгийн бусад ажилтнууд ч өөрийн ажлын агуулгатай танилцаж, ашиглах бүрэн боломжтой учраас компанийн хэмжээнд ихээхэн үнэлэгдсэн байна.

 Энх-Амгалан “Борлуулалтын ажлаа хийхийн зэрэгцээ хүмүүстэй харилцах, ярилцах дуртай тэр байдлаа ашиглан сурталчилгаа, PR чиглэлийн ажил хийж, цаашид удаан хугацаанд энэ компанидаа ажилламаар байна” гэж өөрийн бодож төлөвлөж явдаг зүйлийнхээ талаар хуваалцсан юм. Бидэнтэй уулзсан цагаасаа л элгэмсгээр инээмсэглэж байсан тэр “Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар боломжоо хязгаарлуулчих гээд байдаг болохоор өөрийнхөө бэрхшээлийг аль болох нуудаг” гээд царайд нь бага зэрэг гуниг тодорсон юм. 

Жишээлбэл, хүүхдийнхээ спортын өдөрлөгт очиход аавууд хүүхдээ өргөөд гүйх тэмцээнд түүнийг оролцуулаагүй гэнэ. Энх-Амгалангийн хувьд олон жил хөл бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэсэн спортод бол гаргууд нэгэн. “Монголд өмссөн хувцас, унасан машинаар нь хүнийг дүгнэдэг байдал арилаагүй. Гадаад төрх байдлаар нь хүнийг дүгнэдэггүй, тухайн хүний чадвар, мэдлэгийг бодитоор харж тэгш харилцдаг тийм нийгэм байгаасай гэж хүсдэг” гэж өөрийн бодож, эмзэглэж явдаг зүйлийнхээ талаар хуваалцсан юм.  

Энх-Амгаланг бүхий л талаар дэмжиж ажилладаг хүний нөөцийн менежер Бадамгаравын хувьд 2023 оны 4-р сард ХНХЯ, DPUB2 төслийн зохион байгуулсан ААНБ-уудад чиглэсэн нөлөөллийн семинарт оролцсон юм. Семинарын мэдээллийг анх фэйсбүүкээс олж харж, захиралдаа танилцуулан оролцох зөвшөөрөл авсан гэнэ. Бадамгарав менежер “Семинарын эхнээс л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хичээл зааж эхэлсэнд маш их гайхсан. Жайка болон ХНХЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа DPUB2 төслийн талаар ч анх удаа сонсож мэдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахад юун дээр анхаарах ёстой, ямар тохируулгуудыг хийх хэрэгтэй талаар бодит жишээгээр дамжуулан тодорхой ойлголттой болсон” гэв. Тэр ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээний талаар ч анх удаа сонссоноо хэлээд цаашид тус үйлчилгээг ашиглаж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлэв. 

Хүний анхдагч хэрэгцээний нэг болсон усыг үйлдвэрлэн Монгол түмэндээ түгээж буй тус компани нь ХНХЯ, DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдэж буй ажлын байрны дадлагажуулагч нартай хамтран ажиллаж, Энх-Амгалангийн хэлсэнчлэн “Хүнийг харагдах байдлаар нь ялгаварладаггүй, тэгш нийгэм”-ийг хамтдаа бүтээхэд улам их хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Байгууллагын нэр

MGL Aqua” ХХК - “Voyage” цэвэр усны үйлвэр

Үйл ажиллагааны чиглэл

Цэвэр усны үйлдвэрлэл, борлуулалт

Нийт ажилтны тоо

Ойролцоогоор 160 гаруй ажилтантай /2023 оны 4-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

Ойролцоогоор 10 ажилтантай /2023 оны 4-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авсан шалтгаан

Чанарын баталгаа хангасан цэвэр усыг Монголчууддаа боломжит үнээр хүргэж буй тус компани нь байгаль орчиндоо ээлтэй байхын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулсан байна.

Орон нутгаас шилжин ирж суурьшсан иргэд олон, амьжиргааны баталгаат төвшнөөс доогуур орлоготой иргэд их амьдардаг Сонгинохайрхан дүүрэгт байрлах тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийнхээ иргэдийг ажил хөдөлмөрт хамруулах тал дээр анхаарч ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч түүний нэг хэсэг нь юм.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан төдийгүй шинэ ажилтнуудад зориулсан ажлын гарын авлагыг алба, хэлтэс тус бүрээр, зураг болон текст ашиглан ойлгомжтой байдлаар бэлтгэн ашиглаж байна.

Ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх үүднээс Сонгинохайрхан дүүргийнхээ ХХҮХ-тэй хамтран сургалт явуулсан.

АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ:

ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна