Шилтэй архийг хөнтөрч жолооны ард суусан хүн хутга барьсан алуурчнаас өөрцгүй гэх үг бий. Энэ үг үнэний ортой ажээ. Учир нь согтуу хүн эрүүл хүнтэй харьцуулахад орчин тойрны чиг баримжаагаа алдаж, үйл хөдлөлөө хянах чадвар буурдаг байна. Гэтэл Тээврийн цагдаагийн албанаас гаргаж буй сүүлийн үеийн тоон судалгаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдэж байгаа нь сэтгэл сэртхийлгэм үзэгдэл болсон. Өнгөрсөн сард л гэхэд ганцхан шөнийн дотор 200 гаран согтуу жолооч эрхээ хасуулж байсан тохиолдол бий. Тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлтэй байв.
Харин ХЗДХ-ын сайд Н.Энхбаяр сайд болсон даруйдаа эсогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж байгааг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулан тайлганасан юм. Хуулийн заалтыг тодруулбал, Ямар төрлийн согтууруулах ундааг ямар хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно гэв.
Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийн авсан мэдээ, мэдээлэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд нөлөөлж энэ төрлийн зөрчлийн тоо сүүлийн үед эрс буурчээ. Өмнө нь хоногт 120-200 гаран зөрчил илэрдэг байсан бол 80 болон буурсан байна. Өмнө цагдаагийн байгууллагаас олон аяныг зохион байгуулдаг хэдий ч тодорхой үр дүн төдийлөн гарахгүй байв. Гэтэл ялын бодлогыг яриад эхлэхэд энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс буурч байгаа нь манай улсын хууль дүрэм хэт сул байгаагийн шинж юм.
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол он гарснаас өнөөдрийг хүртэл 615 тохиолдол бүртгэгдсэнээс 74 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн жил гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүн амь насаа алдсан. Үүнээс 38 нь бага насны хүүхэд байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна