Хөрөнгийн зах зээлийн шуурга сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд хүчтэй түрэн орж ирлээ. Тус зах зээлд хууль дүрмийн дагуу амжилттай яваа олон тоглогч бий. Гэвч энэ зах зээлд ялагч, ялагдагч хоёр зайлшгүй байж их хэмжээний хөрөнгө эргэлддэг учир нэг нь хөрөнгөө өсгөж, нөгөө нь хоосорч үлдэх хуультай. Өөрөөр хэлбэл энэ зах зээлийн тоглогч болохоор шийдсэн бол урт хугацааны тэвчээр, нарийн тооцоолборын үр дүнд ашиг олох боломж бүрддэг. Харин монголчуудын дийлэнх нь хялбар аргаар мөнгө олох арга мэтээр төсөөлөн эрсдэл гаргаж, хөрөнгөө алдах явдал гаарчээ. Цаашлаад ийм сэтгэхүй дээр дөрөөлөн крипто үүсгэх замаар залилан хийх, их хэмжээний хөрөнгө босгодог хэд хэдэн гэмт хэрэгтнүүд бий болсоор байна. Үүнийг хууль хяналтын байгууллага бүх зүйл болоод өнгөрсний дараа анзаарч, хэдэн мянган хохирогч нарын төлөө цөөн тооны хүмүүсээр туг тахиж эхэлсэн байдаг. Ингэх зуур хэргийн цаад эзэд хил даван зугтааж, иргэдээс босгосон мөнгөө нуун далдлахыг хичээж буй.
Монголд крипто вальют үүсгэн байгуулж, иргэдийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэх холын мөрөөдөл ярьсан хэсэг залуучууд одоо үнэнээс нуугдан тэнүүчлэх болжээ. Түүний нэгэн төлөөлөл нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн гэх мэдээлэл бий. Тэрбээр Bitmonex Cryptocurrency Exchange-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монголын койны зах зээл дахь нэр бүхий таван койныг арилжаалдаг. Түүнчлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Skinny studio-г хамтран үүсгэн байгуулагч, XMF-ийн гүйцэтгэх захирал гэх мэт олон салбарт нэр холбогддог нэгэн. Харин 2021 онд MNFT гэх койныг үүсгэн байгуулж, анхдагч зах зээлд 0.3 төгрөгний ханшаар 60 мянган хүнээс хөрөнгө босгосон байна. Түүний дараа хоёрдогч зах зээлд гаргасан эхний өдрөө 24 сая ам.доллар буюу 81 тэрбум төгрөгиийг татан төвлөрүүлжээ. Ингэж их хэмжээний хөрөнгө босгож чадсан “MNFT” койн нь ар араасаа олон хохирогчидтой болж, одоо ч тоо нь нэмэгдсээр байна. Ингээд үзвэл нэг хүний гараас нэлээд хүний амьдрал хоосорч үлджээ.
Гэвч дуулиан нэгээр дууссангүй. Түүнтэй хамтран MNFT койныг үүсгэн байгуулсан Б.Гантиг нь IHC койны хэргээр яллагдагчаар татагдан, хоригдоод удаагүй байна. Харин Ө.Үнэнбүрэн хэдийнээ гадаад руу зугтаж, хийсэн хэргийнхээ хариуцлагаас мултрах гэж оролдож байгаа бололтой. Ингэж хардах үндэслэл ч бий гэж ард түмэн үзэж байна. Учир нь түүний ард байгаа ээж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүгээ хууль хяналтынхнаас аргалж дөнгөх эрх мэдэлтэй нэгэн гэв. Хууль хэний талд үйлчлэхийг цаг хугацаа харуулна бизээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна