Монгол Улс энэ оны эхний 5 сард 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс экспорт 8.5 тэрбум, импорт 4.9 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.6 хувь буюу 3.4 тэрбум, экспорт 56.9 хувь буюу 3.1 тэрбум, импорт 8.1 хувь буюу 367.5 сая, тэнцэл 4.1 дахин буюу 2.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Экспорт энэ оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр баяжмал 2 тэрбум, нүүрс 978.3 сая, боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 75.3 сая, хар тугалганы хүдэр баяжмал 30.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин тунгаасан зэс, хайлш 24.8 сая, жоншны хүдэр, баяжмал 10.5 сая, молибдений хүдэр, баяжмал 7.4 сая, адууны мах 3.7 сая ам.доллароор багасжээ.
Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 367.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлшний импорт 250.4 сая, автобензин 88.8 сая, шинэ дугуй 31.4 сая, хар төмөр бүтэц, эд анги 30.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Харин суудлын автомашины импорт 179.6 сая, ачааны автомашин 66.7 сая, ухаалаг гар утас 20 сая ам.доллароор багассан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна