Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар үйлдсэн залилангийн хэргүүдийг шуурхай шалгана

Admin
2026/06/10

Улсын хэмжээнд орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 163 буюу 93.7 хувь нь нийслэлийн прокурорын байгууллагын хяналтад, үлдсэн 11 хэрэг буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад байна.

Одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа 32 хэрэгт 1283 иргэнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татжээ. Мөн 545.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирол барагдуулах зорилгоор 7.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, 490 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэргүүдийн дийлэнх буюу 93.7 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран хэргүүдийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэх чиглэлд ажиллах юм. Түүнчлэн 2024-2026 оны хугацаанд орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэгтэй холбоотойгоор нийт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Мөн 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 227.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

Энэ хугацаанд 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргүүдийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна