Тайландын Ерөнхий сайд Паетонгтарн Шинаватрагийн эвслийн засгийн газар унаж магадгүй болоод байна. Тодруулбал тэрбээр Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сентэй утсаар ярьсан бичлэг нь олон нийтэд задарч, ихээхэн шүүмжлэлд өртлөө.
Өдгөө 38 настай Ерөнхий сайд утсаар ярихдаа Хун Сенийг “авга ах” хэмээн дотноор дуудаж, Тайландын армийн командлагчийг “өөрийгөө онгироох гэж хэрэггүй юм ярьсан хүн” гэх мэтээр муулжээ. Паетонгтарны гэр бүл Хун Сений гэр бүлтэй олон жилийн дотно харилцаатай аж.
Олон нийт түүнийг Камбожтой хилийн маргаантай байгаа энэ үед тэдний талд ая тал засаж, өөрийн улсын хүнээ доромжилсон хэмээн шүүмжилж буй.
Ерөнхий сайд Паетонгтарн утасны яриа нь алдагдаж, олон хүний дургүйцлийг төрүүлсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд уучлалт гуйжээ. Дахиж Камбожийн удирдагчтай хувийн яриа хийхгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Тэрбээр яриагаа "дипломат хэлэлцээ хийх арга барил" байсан гэж өмгөөлсөн боловч сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардаж байна. Түүний Засгийн газрын гол эвслийн түнш болох Бумжайтай нам эвслээс гарахаа зарласан.
Хун Сен утсаар ярьсан 17 минутын аудио бичлэгийг 80 гаруй улстөрчид илгээсэн бөгөөд тэдний нэг нь задалсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар тэрбээр уг яриаг бүрэн эхээр нь өөрийн цахим хуудаст байршуулжээ.
Паетонгтарн 10 сарын өмнө Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон. Тэрбээр Тайландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна