Украины парламент давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх шинэ хууль баталлаа

Admin
2025/06/19

Оросын эсрэг дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ үед Украины парламент давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх шинэ хууль баталлаа. Энэхүү хууль нь хүн амын хомсдлоос үүдэлтэй хямралыг шийдвэрлэх, мөн гадаад дахь олон сая украинуудтай харилцаагаа сайжруулах зорилготой аж.
Өмнө нь Украины хууль давхар иргэншлийг зөвшөөрдөггүй байсан тул гадаадад амьдардаг украин гаралтай хүмүүс Украины иргэншил авахын тулд өөр улсын иргэншлээсээ татгалзах шаардлагатай болдог байв.
Засгийн газрын тооцооллоор Украины диаспор дэлхий даяар 25 сая орчим хүнтэй гэж үздэг бол тус улсын дотоод хүн ам 32 саяд хүрээд байгаа нь 1991 онд ЗХУ задарсны дараа Украин тусгаар тогтноход бүртгэгдэж байсан 52 сая хүнээс эрс буурсан үзүүлэлт юм.

Нэгдмэл байдлын сайд Олексий Чернышов Фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Энэ шийдвэр дэлхий даяар тархан суурьшсан сая сая украинчуудтайгаа холбоо тогтоох, сэргээхэд чухал алхам боллоо” хэмээн мэдэгджээ.
Олон давхар иргэншлийн асуудал нь 2022 оны хоёрдугаар сард Орос улс довтолсноос хойш улам бүр хурцадсан бөгөөд хүн ам цөөрсөн аль хэдийн эхэлсэн байсан хүндрэлийг улам дордуулжээ.
1990-ээд оны эхээр Украинаас гадагшаа хөдөлмөрийн томоохон шилжилтүүд болсон бол дайн эхэлснээр сая, сая хүн эх орноо орхин дүрвэсэн. Дайн дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа энэ үед Европт 5 сая гаруй украин хүн амьдарч байгаа бол зэвсэгт мөргөлдөөнд хэдэн арван мянган хүн амиа алдаад байна.
Хууль тогтоогчдын хэлснээр шинэ хууль нь гадаадад төрсөн украин эцэг эхтэй хүүхдүүд, мөн гэрлэлтийн улмаас өөр улсын иргэншил авсан украинуудын хувьд хуулийн үйлчилгээг хялбарчилна. Түүнчлэн Украины төлөө фронтод тулалдаж буй гадаадын иргэд Украины иргэншил авах нөхцөлийг хялбарчлах юм.
Шинэ хууль нь Оросын иргэдийг Украины иргэншил авахыг шууд хориглохгүй ч Украины эсрэг зэвсэгт түрэмгийлэлтэй холбоотойгоор тодорхой хязгаарлалт тогтоох боломжийг Засгийн газарт олгожээ. Гадаадын иргэд Украины иргэншил авахын тулд тус улсын хэл, түүх, үндсэн хуультай холбоотой мэдлэг шалгах шалгалт өгөх шаардлагатай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна