Иранд нохойгоо салхилуулахыг хориглосон шийдвэр гаржээ

Admin
2025/06/10

Ираны эрх баригчид олон нийтийн эмх замбараа, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотойгоор нохой салхилуулахыг хориглосон шийдвэрээ улс даяар буюу олон хотод өргөтгөжээ.

Анх 2019 онд нийслэл Тегеранд хэрэгжиж эхэлсэн уг хориг өнгөрсөн долоо хоногоос эхлэн бусад 18 хотод үйлчилж эхэлсэн бөгөөд нохойг тээврийн хэрэгслээр зөөхийг ч мөн хориглосон байна.

1979 оны Исламын хувьсгалаас хойш Иранд нохой тэжээхийг эрх баригчид "ариун бус" хэмээн үзэж, барууны соёлын сөрөг нөлөө хэмээн харсаар иржээ. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей ч бас нохой тэжээхийг малаа хариулах, ан хийх, хамгаалах зорилгоос бусад тохиолдолд  "ёс суртахууны хувьд зүйд нийцэхгүй" гэж мэдэгдэж байв.

Гэвч эрх баригчдын хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан, ялангуяа залуусын дунд нохой тэжээх нь улам ихсэж байгаа нь Ираны дарангуй дэглэмд эсэргүүцлээ илэрхийлэх нэг хэлбэр болсон байна.

AFP агентлагийн мэдээлснээр Исфахан, Керман зэрэг олон хот сүүлийн өдрүүдэд ийм хориг тогтоожээ. Өрнөд Ираны Илам хотын албаны төлөөлөгч орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тус хот өнгөрсөн ням гарагт уг хоригийг хэрэгжүүлж эхэлсэн ба зөрчсөн иргэдэд хариуцлага тооцно хэмээжээ.

Гэвч ийм хоригийг хэрэгжүүлэх явц өмнө нь тогтмол бус байсан ба Тегеран болон бусад хотод олон нохой тэжээдэг иргэд нохойгоо салхилуулсаар байгаа аж.

Нохой тэжээхийг шууд хориглосон хууль байхгүй ч прокурорууд орон нутгийн түвшинд хориг гаргаж, цагдаагаар хэрэгжүүлдэг. "Нохой салхилуулах нь олон нийтийн эрүүл мэнд, амгалан тайван байдал, тав тухыг алдагдуулж байна" хэмээн Хамедан хотын прокурор Аббас Нажафи төрийн хэвлэлд ярьжээ.

Нохойгоо олон нийтийн газар салхилуулсан хүмүүсийг зарим тохиолдолд баривчилж, нохойг нь хураан авдаг байна. Зарим иргэд баригдахаас зайлсхийж нууцаар шөнө эсвэл хүнгүй газраар салхилуулах, машинаар тээвэрлэдэг гэнэ. 2021 онд 75 парламентын гишүүн нохой тэжээхийг "нийгмийн эвдрэлийг дагуулагч асуудал" гэж нэрлэж, "Иран болон Исламын амьдралын хэв маягийг өөрчлөх аюултай" хэмээн анхааруулж байв.

2010 онд Ираны Соёл, Исламын шашны асуудал эрхэлсэн яам гэрийн тэжээвэр амьтны сурталчилгаа болон тэдгээртэй холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хориглож байжээ. Харин 2014 онд парламент нохой салхилуулсан хүмүүсийг торгож, бүр шийтгэх тухай хуулийн төсөл өргөн барьсан ч батлагдаагүй юм.

Сүүлийн үеийн энэ хатуу арга хэмжээг зарим шүүмжлэгч буруушааж, улс даяар хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байхад цагдаагийн байгууллага иргэдийн хувийн эрх чөлөөг боомилохын оронд аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой гэж үзэж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.135
3 цагийн өмнө
0
0
Манай байр нохойны байр ч юмуу хүн амьдардаг байр ч юмуу мэдэхгүй. Айл болгон шахам байрандаа нохой тэжээгээд ногоон байгууламжруу шээлгэж баалгаад хушуувчгүй нохойгоо сул тавиад гарч ороход хүүхэд айлгаад үнэхээр хэцүү байх юм. Би уул нь амьтанл хайртай хүн. Гэхдээ гэрийн тэжээмэл амьтдыг ийм замбараагүй биш зөв шийдвэр гаргамаар байхын
Хариулах