БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 3-ны өдөр болж, сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мюн ялалт байгууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сард өмнөх ерөнхийлөгч Юн Сок Ёлийг Үндсэн хуулийн шүүх огцруулах шийдвэр гаргаснаар шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор хийх шаардлагатай болсон.
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн бөгөөд Ардчилсан намын нэр дэвшигч 49.4 хувийн саналаар ялалт байгуулсан нь энэ аж.
Түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Ард түмний эрх намын нэр дэвшигч Ким Мүн Су 41.3 хувийн санал авсан байна.
Сонгуулийн үр дүн гарсны дараа хэлсэн үгэндээ И Жэ Мюн ардчиллыг сэргээх нь түүний нэн тэргүүний зорилт байх болно гэжээ.
Өдгөө 61 настай түүний хувьд улс төрийн үймээнтэй, АНУ-тай худалдааны хэлэлцээр хийх шаардлагатай хүндхэн үед төрийн тэргүүний албанд очиж байна.
Тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёльтой өрсөлдөөд маш ойрхон саналын зөрүүгээр ялагдаж байв.
БНСУ-ын Сонгуулийн хорооны мэдээллээр энэ удаагийн сонгуульд 44.3 сая хүн санаа өгсөн бөгөөд тэдний 258 мянга гаруй нь гадаадаас оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна