ОНЦЛОХ ПОСТ: Р.ЭМҮЖИН: ОРЬ ЗАЛУУ АМЬ БУЦАХАД БУРХАН ЦӨХӨРДӨГ ГЭНЭМ...

Харамсаж халаглам дэндүү гунигтай өдөр өнгөрлөө. Ээжийн хүү, эцгийн голомт болох “Аав нь, хань нь, хүү нь” дуудлаганд яваад эргэж ирсэнгүй. Нулимс дусаж бүтээл төрдөг хэмээн яруу найрагч Р.Эмүжин ийн шүлэглэжээ. Энэхүү шүлгийг онцлох постоор уншигч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Орь залуу амь буцахад бурхан цөхөрдөг гэнэм...

Үүлэн шөнийн тэнгэр дор үүрэг гэдэг хатуу

Үүдэн, хоймрын зайд дэрвээд буцах хэцүү

Үүрээ орхиод ниссэн бүргэд гэдэг хүчтэй

Үрсээ үлдээгээд хөөрсөн эцэг гэдэг хүйтэй

Гундах нь үгүй залуу насны зориг юутай хурц

Гуних нь үгүй залаат амьдралын зам юутай  давчуу

Гуйвах нь үгүй халуун зүрхний андгай юутай бат

Гутрах нь үгүй ханагар сэтгэлийн оч юутай бардам.

Бусдын төлөө үрээхэд амьдрал гэдэг ганцхан

Буудал сэлгээд нүүхэд буурь гэдэг анирхан.

Буурлыгаа үлдээгээд мордоход усан бороо цутгана

Бусгаа холын аяныг туулахгүй гээд ч яана?

Эр нэг эндэхэд уулс нурах нь яалаа

Энгэр нэвт уйлахад нулимс дуусах нь яалаа

Эгшиг нэг тасрахад ус гол зогсох нь яалаа

Эндүү энэ тавиланг түшиж үлдэх нь яалаа

Орь залуу амь буцахад тэнгэр сөхөрдөг гэнэм.

Охь гэнэн итгэл нурахад бурхан цөхөрдөг гэнэм

Орчлонгийн зулайд сүүдэр буухад газар өмөлздөг гэнэм

Оршихуйн хойморт суудал эзгүйрэхэд гал өндөлздөг гэнэм.

Толгодын оройд нэвсийсэн уйт манан хэзээ арилах вэ

Тойрмын гүнд ойчсон уйт сэтгэл хэрхэн амирлах вэ

Далавчит шувуу унахдаа өд сөдөө дэвсдэг гэв үү

Дайрт хүлэг цуцахдаа дэл шанхаа засдаг гэв үү?

Өндөр өндөр өвгөдийнх нь голомт тосох болтугай

Өмөг өмөг эмгэдийнх нь хайр түших болтугай

Өөвгөр багахан үрсийнх нь хүлээлт нөмөрлөх болтугай

Өд сөдөөн засаад тоонотдоо эргэх болтугай! 2024. 01.24. Р.ЭМҮЖИН /Үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны үе үеийн аврагч залууст зориулав/

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна