ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН БАРИМТ-I : Шүүхийн зөвшөөрөлгүй бусдыг баривчилж, цахим хаягаар мэдээллийг нь үндэслэлгүй цацжээ

Уранцэцэг
2023/04/20

Манай улсад хүний эрхийг ноцтой зөрчиж, хуулиас гадуур бусдыг баривчлах, шалгах, цагдан хорих зэрэг удаа дараагийн хууль бус үйлдэл цөөнгүй тохиолддог байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийн комиссд мэдээлсэн хохирогч иргэдийн баримт дээрх ноцтой үйлдлүүдийг тод илчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж заасан байдаг аж. Сэжигтнийг баривчлах ажиллагааны үед түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зайлшгүй хэрэгжүүлэх дараах хоёр шаардлагыг тогтоосон байдаг байна. Нэгдүгээрт, “баривчлах болсон шалтгааныг мэдэгдэх”, хоёрдугаарт, “ямар хэрэгт сэжиглэгдэж байгааг мэдэгдэх” гэсэн агуулгын хувьд ялгаатай ойлголтуудыг тусгасан. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үед “баривчилж буй шалтгааныг тайлбарлах” нь хууль бус, дур зоргын баривчилгаанаас урьдчилан сэргийлэх, шүүхэд гомдол гаргах эрхийг хангахад ач холбогдолтой. Баривчлах үндэслэл нь баривчилгааг явуулж буй алба хаагчийн субьектив хүсэл зориг биш, баривчлах болсон албан ёсны үндэслэлд тулгуурлах ёстой. Тиймээс баривчлах үндэслэлийг амаар, эсхүл бичгээр тухайн этгээдийн ойлгох хэлээр маш тодорхой мэдэгдэхийг шаарддаг аж.

     Гэтэл манай улсад тус хуулийн заалтуудыг зөрчиж, улмаар хүний эрхэд ноцтой халдсан хэд хэдэн баримт байдаг байна.

ХОХИРОГЧ:

...Газраас хоёр хүн ирээд “Прокурорын зөвшөөрөлтэй танилц” гээд нэг цаас үзүүлэхэд нэгжлэг хийх тухай байх шиг байсан. Тэгээд намайг авч яваад “...... газарт аваачиж мэдүүлэг авна” гэсэн. Би “Юуны талаар вэ” гэхэд “Очоод тодорхой болно” гэж хэлсэн... ...Ямар ч нотлох баримт байхгүй. Тэдний ярианаас “.... сая төгрөгийн эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон. ... гэрээ байгуулж их хэмжээний мөнгө завшсан” гэх хэрэгт сэрдэж байна гэдгийг ойлгосон... ...“Яагаад намайг баривчилж байгаа юм бэ” гэж намайг асуухад “Таныг асуусан зүйлд мэдэхгүй гэж хариулсан учраас” гэж тайлбарласан. “...Яагаад баривчилж байгааг би ойлгоогүй. Юу ч тайлбарлаагүй. Прокурорын тогтоол гээд нэг зүйл үзүүлсэн. Ямар хэрэгт холбогдуулж ямар нотлох баримт нэхэж байгааг нь ойлгоогүй... ...Бүтэн сайн өдрийн өглөөнөөс веб сайтуудаар миний ажил, албан тушаал, овгийн үсэг, нэртэй нь мэдээлэл цацагдсан байсан. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хүний нэр бүтнээрээ бичигдсэн байсан. Түүний дор янз бүрийн коммент бичигдсэн байсан. Би ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа эндээс ойлгосон... гэжээ.

-ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИВЧИЛСАН ТОХИОЛДОЛД ЗУРГААН ЦАГИЙН ДОТОР АР ГЭРТ НЬ МЭДЭГДЭНЭ-

        Түүнчлэн мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдолд зургаан цагийн дотор тухайн сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ гэж заасан боловч манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. “Таны үйлчлүүлэгчийг баривчилсан талаар ямар хугацааны дотор мэдэгддэг вэ?” гэсэн асуултад санал асуулгад оролцогч өмгөөлөгчдийн 67.3 хувь нь 7-12 цагийн дараа, 12.2 хувь нь 3-6 цагийн дараа, 11.2 хувь нь 1-2 цагийн дараа, 9.2 хувь нь шууд мэдэгдэж байсан гэж хариулжээ. Хүний эрхийн үндэсний комиссын судалгаагаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 864 сэжигтний 242 нь өмгөөлөгч авсан талаар хувийн хэрэгт нь тэмдэглэгдсэн бол 622 буюу 72 хувьд нь баривчлагдах хугацаандаа өмгөөлөгч аваагүй байлаа. Хэдийгээр өмгөөлөгч авах эрх нь тухайн хүний эрхийн асуудал боловч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй талаар тайлбарлаж, хуульд заасан хугацаанд мэдэгдэж байх нь хүний эрхийн зарчимд нийцдэг байна.

Энэ мэт шүүхийн зөвшөөрөлгүй, дээрх хуульд заасан  үндэслэлүүдийг зөрчиж, иргэний эрхэд халдсан үйлдэл одоо ч бидний дунд үйлдэгдэж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын иргэн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчим бий. Гэтэл хууль сахиулагчид нь хуулиа зөрчиж, иргэдийнхээ толгойд ял мэдүүлдэг энэ мэт баримт хүний эрхийг хэрхэн уландаа гишгилж буйг илчилж байгаа бизээ. Харин бид дараагийн цувралаар илүү ноцтой мэдээллүүдийг дэлгэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна