Цусны даралт ихсэх өвчнийг настай хөгшин хүний өвчин гэж ойлгох ойлголт нийтийн дунд түгээмэл байдаг. Гэвч орчин үед хүн амын таргалалт ихсэх, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй хөдөлгөөн дутагдах, хорт зуршил, буруу хоололтоос болж амьдралын хэв маяг өөрчлөгдснөөс болж даралт ихсэх өвчин эрс залуужсан. Ялангуяа ковидын нөхцөл байдлаас болж залуучуудын даралт ихсэх, харвалт өгөх зэрэг хүндрэлүүд их гарч байгаа талаар Яаралтай түргэн тусламжийн эмч ярьсан байсан.
Ер нь бол Артерын даралт өвчин өргөн сэдэвтэй. Дээр үед буюу үеийн үед байсан одоо ч байна хойшид ч устаж үгүй болохгүй. Артерын даралт гэдгийг манайхан сайн мэднэ. Мэдээж даралтаа хэмжихэд 140-өөс дээш байвал энэ хүн даралттай байна гэсэн үг. Гэхдээ хэд хэдэн удаа давтаж үзээд даралт ихсээд байгаа эсэхээ тодорхой болгоно. Анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрлийн даралт ихсэлт байдаг. Анхдагч даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүйгээр олон жилийн турш бага багаар нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдогч даралт ихсэлт нь тодорхой өвчнүүдийн улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл, Артерын даралт өвчний 95 хувь нь шалтгаангүй. Ямар нэгэн юмнаас боллоо, үүнийгээ л больчихвол даралт ихсэхгүй болох юм байна гэсэн ойлголт бараг байхгүй. Харин үлдсэн 5 хувь нь бусад шалтгаанаас болно. Тухайлбал, жирэмсний, бөөрний үрэвсэл гэх мэт шалтгаанаас болж даралт ихсэнэ. Гэхдээ үндсэн цаад өвчнийг нь эмчилчих юм бол даралт ихсэхгүй. Харин дээрийн бичсэн 95 хувийн шалтгаантай артерын даралт ихсэлт өвчин бол бүрэн арилахгүй. Магадгүй насаараа таныг дагаж явж мэднэ. Хамгийн гол зорилго нь даралтаа ихэсгэхгүй байх. Түүнээс эмчилж, эдгэрүүлнэ гэсэн зорилго эмнэлэг болоод эмчлэгч эмчид байдаггүй.
Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар олон шалтгаан нөхцөл байгаа ч даралт ихсэх шалтгаан нь нийгмийн стресс бухимдал болоод байна гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, замын түгжрэл ч стресс нэмж, даралт ихэсгэж байна. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хоёр зээгээ сургуульд нь зөөдөг 65 настай эмээ Өрхийн эмнэлэг дээрээ ирж эмчдээ үзүүлээд даралтны эмээ бичүүлж буйтай таарав. Тухайн эмээ их яарсан, адгасан аахилсан бухимдсан байдалтай явж байгаа учрыг эмч асуутал “Хоёр хүүхэд хичээлээс нь авах цаг боллоо. Түгжирч явсаар байгаад хоцорчихно. Замын түгжрэл хэрээс хэтэрсэн. Энэ түгжрэлээс болж, миний даралт ихсэж, тайван биш болчих юмаа” гэхэд эмч “Та тайван байгаарай, замын түгжрэлээс болж даралтаа ихэсгэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй шүү” гэсэн зөвлөгөөг өгч эмийг нь бичиж өгөөд өрөөнөөсөө гаргажээ.
Даралттай аав ээжээс төрсөн хүүхэд даралттай болно, учир нь удамшдаг
Артерын даралт ихсэлтэд архи тамхи хорт зуршил, таргалалт, ээлжийн ажил, нас хүйс, удамшил нөлөөлнө. Ихэнхдээ удамшил их олон хувийг эзэлдэг. Эцэг эх нь артерын даралт ихэсдэг бол хүүхдүүдэд нь удамших магадлал өндөр байдаг. Тэгэхээр даралт нь ихэсдэг ээж ааваас төрсөн хүүхэд даралт ихсэх өвчнөөс мултрахгүй байх нь. Заавал тэр өвчнийг туулж гарахаас тойрч гарахгүй. Яагаад гэвэл удамшлын шалтгаан байна. Хэдий хортой зуршилгүй, тарган биш байж болно залуухан байж болно гээд бүх нөлөөлөх хүчин зүйл байхгүй ч даралт нь ихсэж байдаг.
Даралт ихсэлт өвчний хүндрэл нь зүрхний шигдээс болж, тархинд цус харвана
Уг өвчний хүндрэл буюу зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчнөөр 40 дөнгөж гарч буй залуус нас барах тохиолдол элбэгшиж байна. Артерийн даралт ихсэх өвчний хүндрэл болох тархинд цус харвах эмгэгээр манай орон дэлхийн улс орнуудын 1-2 байрыг эзэлдэг. Энэ бол артерийн даралт ихсэх өвчний хяналт маш муу байгаагийн тод жишээ юм.
УБТЗ-ын Төв эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, ерөнхий эмч Э.Цолмоны хэлснээр “Өндөр даралттай байх нь судсыг болон биеийн бусад эрхтнүүдийг гэмтээх аюултай. Цусны даралт хэдий чинээ өндөр байна, төдий чинээний гэмтэл учирдаг. Зүрхний шигдээс, Зүрхний зүүн ховдлын томрол, Цус харвалт, Судасны цүлхэн, Зүрхний дутагдал, Бөөрний судсыг гэмтээх, Нүдний судас гэмтэж харвалт өгч сохрох, Уймрах зэрэг хүндрэлүүд үүсч болно” гэв. Даралтаа хэмжихгүй, үзэхгүй, хянахгүй байна гэдэг том алдаа. Артерын даралт нь өөрт мэдэгдэхгүй яваад байвал яваад л байна. Даралт нь 180 хүрсэн байхыг мэдэхгүй. Ийм хүмүүс л харвалт өгнө. Өөрт мэдэгдэхгүй байгаа юм чинь их аюултай. Харин өөрт мэдэгдэж байгаа нь толгой өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх, нүд нь эрээлжилж харанхуйлах юм бол та хурдхан даралтаа үзэж эмээ уух ёстой.
Артерын даралтаа хянах хоёр л зарчим бий
Даралт ихсэх нь олон янзын хүндрэл өгнө гэдгийг дээр мэргэжлийн эмч хэлэв. Артерын даралт нь ихсээд 10-15 жилийн дараагаас хүндрэл үүсэж эхэлдэг аж. Үүнийгээ тоохгүй, мэдэхгүй байснаас болж харвалт өгнө, зүрхний шигдээс болно. Өөрт мэдэгдэхгүй явж байгаад гэнэт харвалт өгөх л хамгийн аюултай. Тэгэхээр артерын даралтаа хянах хоёр л зарчим бий. Даралтаа байнга аппаратаараа үзэж, эмээ уух. Өөрөөр эмч нар удирдах, багаж техник тоног төхөөрөмж байхгүй. Таны даралт нэгэнт ихэсдэг болсон бол гэртээ аппаратаараа хэмжинэ, тэгээд эмчид ойр ойрхон давтамжтай үзүүлнэ. Эмч тохирсон таарсан эм, эмчилгээг нь бичиж өгнө.
Иргэд даралтаа яаж хянаж, удирдах вэ?
Даралтны эмээ уусан хэрнээ даралт буурахгүй, харин ч ихсээд байвал яг яах вэ. Ерөөсөө эмчийн зааварлаж зөвлөж хэлснээр байх ёстой. Өрхийн эмч дээрээ оч. Даралтны эмийн сонголтод учир бий. Маш олон төрлийн даралтны эм бий. Хэдэн настай өвчтөнд ямар эмийг нь сонгох вэ. Тэр хүний даралт хэд хүртэл ихсээд байна вэ. Даралт нь 180 хүрсэн хүнд 140-тэй хүний эм бичиж өгөх нь буруу. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой эмч нар эмийн сонголтыг маш сайн мэдэж байх ёстой. Жишээ нь, Өрхийн эмнэлэг дээр даралт нь ихэссэн нэг хүн орж ирээд эм бичүүлээд аваад гарлаа. Нөгөө эмээ Эмийн сангаас авч уулаа, хэсэг хугацааны дараа даралт нь буурах ёстой байтал буусангүй. Дахиад нөгөө өрхийн эмч дээрээ буцаад очно. Гэтэл эмч “Танд энэ эм таарахгүй байна уу, тэгвэл дахиад энэ эмийг уугаад үз” гээд өөр эм өгчихдөг энэ бол маш буруу. Нэг бол эмийн тун багассан, тэгвэл эмийнхээ тунг нэмээд үзэх хэрэгтэй. Анхан шатны тусламж үзүүлэх эмч нарын маневр маш сайн байх ёстой.
Харин өвчтөн даралтны эмийг дур мэдэн Эмийн сангаас авч ууж болохгүй.
Эмчийн зөвлөгөө:Эм уухгүйгээр даралтаа бууруулах боломж бий
Артерийн даралт ихсэх өвчинтэй хэмээн оношлогдсон бол хүндрүүлж бодох хэрэггүй. Энэ эмгэг дадал зуршил, зан үйлтэй салшгүй холбоотой учраас эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, амьдралын зөв хэв маягт суралцах нь маш чухал. Хүндрэл ихсэхэд Монгол орны газарзүй, уур амьсгалын онцлог, хувь хүний дадал зуршил, зан үйлийн онцлог, хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу, эдийн засгийн байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж буйг үгүйсгэхгүй.
Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөснөөр хэрвээ таны идэж буй хоол нь давс, өөх тос багатай, эслэг болон жимс жимсгэнэ их хэрэглэвэл артерийн даралт ихсэх эмгэгтэй хүний даралт -11 мм.муб буурна. Идэвхтэй дасгал хөдөлгөөн биеийн жингээ хасвал 1 кг тутамд 1 мм.муб буурч улмаар >10 мм.муб буурдаг юм байна. Эрсдэлт болон шалтгаант хүчин зүйлийн нөлөөгөөр артерийн даралт ихэснэ. Ер нь амьдралын зөв дадалтай, зөв хоололт, дасгал хөдөлгөөн их хийж, буруу зан үйлээ өөрчлөөд артерийн дараалт буухгүй бол даралт бууруулах эм уух шаардлагатай. Хэвийн хэмжээнд барихын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд, өдөр тутамдаа давс багатай хоол хүнс хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хорт зуршил болох архи, тамхинаас гарах. Тамхинаас гарах никтон судасны ханыг бохирдуулж, нарийсгаж байдаг. Ингэснээр судас бөглөрөх аюултай. Мөн стрессд орохгүй байх, жирэмсэн бол жирэмсний үед цусны даралтаа тогтмол хянаж тогтвортой болгох, хэрэв та илүүдэл жинтэй бол жин хасах зэрэг зөвлөгөөг өгч байна. Илүүдэл жинтэй хүн хэвийн даралттай байх боломжгүй. Тиймээс жингээ хас хая. Жин хасах тусам артерын даралт буурсаар байгаад хэвийн хэмжээнд хүрч болно.
Иргэн өвчтэй, эрүүл байх эсэхийг нь Эрүүл мэндийн даатгалтай нь холбоод уячих
УБТЗ-ын Төв эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Э.Цолмонгийн ярьснаар “Манай эрүүл мэндийн боловсрол замбараагүй байна. Захаас нь шийдсэн юм алга. Олон нийтийн сүлжээнд зах замбараагүй их мэдээлэл тавьдаг учраас өвчтнүүд фэйсбүүкийн мэдээлэл, телевизийн эмийн реклам хоёроос хамаарч эмнүүдээ сонгож авч уудаг болсон. Хаанаас ямар учиртай эм авч уусан бэ гэж асуухаар “Би телевизээс олж харсан. Миний өвчинд яг таарах тохирох байх гэж бодсон” гэх хариулт өгдөг. Иргэдэд эрүүл мэндийн ямар ч зөв ойлголт байхгүй. Эрүүл байх эсэх нь дан ганц эмч нарын асуудал биш. Иргэдийн ухамсрын асуудал. Хүүхэд байхаас нь хүнийг хүмүүжүүлэх ёстой. Сургуульд нь эрүүл мэндийн боловсрол олгох хичээл гэж ордог. Тэр хичээл дээр “Бид даралтаа үзэх ёстой. Бид таргалж болохгүй юм байна, биеийн жингийн индекс ийм байх ёстой. Илүүдэл жинг бид яах ёстой вэ, шүдээ яаж угаах вэ гэдэг маш энгийн ойлголтыг багаас нь сэтгэхүйд нь суулгаад өгөх ёстой. Анхан шатны тусламж үзүүлж байгаа өрх, нэгж, сургууль, цэцэрлэгийн эмч нарын асуудал. Тэд нар өвчин илрүүлэхээс гадна өвчтэй болгохгүй тулд урьдчилан сэргийлэх хичээлийг заах, зөв дадал зуршлыг хүүхдэд бий болгох ёстой. Урьдчилан сэргийлэх төвүүд сайн ажиллах хэрэгтэй байна. Эмнэлгээсээ олон байх ёстой” гэв.
Иргэн хүн өвчтэй байх, эрүүл байх эсэхийг нь Эрүүл мэндийн даатгалтай нь холбоод уячих хэрэгтэй. Жишээлбэл, хеликобактер гэж мэднэ. Урьдчилан сэргийлэх үзлэгээр иргэн хүн бактертэй гарлаа. Та ийм эм эмчилгээг хийлгээрэй гээд эм бичээд өгнө. Харин дараа жилийн үзлэгээр эмчилгээгээ хийгээгүй бактер нь хэвээрээ гарвал, тодруулбал ходоодоо эмчлээгүй байвал таны ирэх оны ЭМ-ийн даатгал хүчингүй болно. Та иргэн хүнийхээ үүргийг биелүүлээгүй байгаа учраас танд энэ оны даатгалын системээс хөнгөлөлт үзүүлэхгүй. Та өөрийнхөө мөнгөөр энэ эмчилгээгээ хийлгэ. Яагаад гэвэл өнгөрсөн жил даатгалын тусламжаар эмчилгээгээ хийлгээгүй учир энэ жил танд даатгал үйлчлэхгүй. Ходоод тань хохироод ходоодны шархтай болчихсон байгаа учраас таны буруу, өөрийнхөө зардлаар эмчилгээ хийлгэ гээд ЭМД-тай нь уячихаар хүн бүр хариуцлагатай болно. Өөрөөс гарах мөнгө нь их зардал гарах учраас өвчнөө хүндрүүлэхгүй тулд бага дээр нь эмчлээд явах боломжтой. Тэгэхээр тогтолцооны асуудал бодлогын чанартай байвал их зүгээр санагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна