“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

Admin
2026/06/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа”  олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.

Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэхүү чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна. Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ. Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргажээ. Мөн Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж, Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. 

a681bc651d6140f88a1f398515cabd03

Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна. Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна