Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний урилгаар Шанхай хотноо Хятадын Ардын банк болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-наас хамтран зохион байгуулж буй “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” сэдэвт өндөр түвшний симпозиумд оролцож байна.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл, худалдааны бодлогын өөрчлөлт, хөрөнгийн урсгалын савлагаа нэмэгдэж буй энэ үед зохион байгуулагдаж буй тус симпозиумд BIS, Хятадын Ардын банк болон дэлхийн тэргүүлэх төв банкуудын удирдлагуудаас гадна HSBC, Citi, Standard Chartered, DBS зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв, хөрөнгө оруулалтын стратеги болон олон улсын мөнгөний системийн хөгжлийн талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна.
Арга хэмжээг BIS-ийн Ерөнхий менежер Пабло Эрнандес де Кос, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэн нар нээж, дэлхийн санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн үед төв банкуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Симпозиумын хүрээнд төв банкны ерөнхийлөгч нарын дунд “Charting the Path Ahead” хэлэлцүүлэг болж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцлоо. Тэрээр дэлхийн эдийн засгийн шинэ сорилтын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын чиглэл, төв банкуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна