Ж.Бат-эрдэнэ: Банкны салбарын шинэ реформ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Admin
2026/06/09

Монгол Улсын банкны салбарын дараагийн шатны реформыг хэрэгжүүлэх зорилгоор банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Энэхүү өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, улмаар зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Судалгаагаар банкны салбарт зөвхөн хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хүрээнд 3.4 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж хангалтгүй байгаа нь эрсдэл дагуулж буй аж. Иймээс олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлд системийн банкуудад нэг хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээг 34 хувь, бусад банкуудад 51 хувь хүртэл байхаар тусгажээ. Мөн гадаадын банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг тодорхой болгож, хамтарсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Албаныхны үзэж буйгаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр банкны салбарын өрсөлдөх чадвар сайжирч, урт хугацааны хямд эх үүсвэр бий болохын зэрэгцээ засаглал, эрсдэлийн удирдлага олон улсын жишигт ойртох боломжтой аж.

Түүнчлэн энэхүү өөрчлөлт нь зээлийн хүүг шууд бууруулахгүй ч дунд болон урт хугацаанд эх үүсвэрийн өртгийг бууруулж, бизнес эрхлэгчид болон иргэдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна. Хадгаламж эзэмшигчдийн хувьд ч банкны тогтвортой байдал сайжирч, шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих боломж нээгдэх юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна