УИХ дахь ХҮН намын зөвлөл Орон сууцны банк болон Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.06.08/ хэлэлцсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Орон сууцжуулалтын тусгай банк байгуулахтай холбогдуулан анхаарах хэд хэдэн асуудал байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд 144 мянган иргэнд 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 47 мянга орчим иргэн 6-7 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт гаргаснаас үүдэн дөрвөн жилийн дараалал үүсээд байна. Энэ нь нэг талаараа ипотекийн зээлийн хүртээмж, ил тод байдалд онцгой анхаарах шаардлагатайг илтгэж буй хэрэг юм. Нөгөө талдаа ипотекийн зээл олгож буй гол зорилго нь гэр хорооллыг орон сууцжуулах замаар утаа, түгжрэлээс ангижрах явдал. Гэвч сүүлийн 13 жилд 11 орчим их наядын зээлийг 144 мянган иргэнд олгосон ч гэр хороололд амьдардаг өрхийн тоо 208 мянгаас 230 мянга болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, уг зээл зорилтод бүлэгтээ бүрэн хүрч чадаагүй гэж харж болохоор байна.
Үүнээс гадна нийт зээл авсан иргэдийн ердөө 40 гаруй хувь нь гэр хорооллын оршин суугчид байжээ. Тэгэхээр ипотекийн зээл болон орон сууцжуулалтын тулгамдсан асуудлууд ганц банк байгуулснаар шийдэгдэх үү гэдгийг нухацтай бодолцох хэрэгтэй.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн агуулгаар, орон сууцжуулалтын банк байгуулснаар зээлийн хүүг тогтворжуулж, орон сууцны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой гэж тайлбарлаж буй.
2015 онд төрөөс экспортыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, улсын хэмжээний томоохон дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын төслүүдийг урт хугацаатай зээлээр санхүүжүүлнэ гэж Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь, тэнд тэр чигтээ хулгай, луйвар явагдаж, төрийн өмчит байгууллагууд 1.1 их наядын чанаргүй зээл авснаас гадна томоохон төслүүд нь ямар ч үр дүн өгөөгүй. Төр банк байгуулж, зах зээл рүү орох нь үр дүнгүй байдгийг энэ жишээ харуулна.
Мөн Төрийн банкийг төр өөртөө авч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг бууруулна гэсэн боловч мөн л зорилгодоо хүрч чадаагүй.
Иймд орон сууцны санхүүжилтийн банк байгуулах нь энэ асуудлыг 100 хувь шийдэх гарц биш гэдгийг хэлмээр байна. Барилгын салбарын бодит өртөг ба үнийн өсөлт мэдээж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлахад зээлийн хүү гол хүчин зүйл болдог. Өнөөдөр барилгын компаниуд орон сууцны үнийг үндэслэлгүйгээр дур мэдэн өсгөөд байгаа зүйл огт байхгүй. Барилга барихаар банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авч буй бизнесийн зээлийн хүү нь 25-40 хувьтай байна.
Нөгөөтэйгүүр, бид барилгын материалыг дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй, үүний 70-80 хувийг БНХАУ-аас импортолдог. Үүнээс үүдэн валютын ханшийн хэлбэлзлийг дагаад бараа материалын үнэ өсдөг тул бусад гол нэр төрлийн материалын үнэд анхаарал хандуулах шаардлагатай.
Хот төлөвлөлт ба дэд бүтэц үндсэндээ энэ нь зөвхөн зээл олгоод шийдчихдэг асуудал биш, цаанаа хот төлөвлөлттэй шууд холбоотой. Жишээлбэл, 2011-2012 оны үед хувийн хэвшлийн оролцоотойгоор "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн маш зөв төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч төрөөс дорвитой дэмжлэг үзүүлээгүй тул хувийн хэвшлийнхэн оролцохоо больж, өдгөө нийслэл дангаараа 500 сая ам.доллар босгон "Сэлбэ дэд төв"-ийг бариад явж байна. Уг нь 500 сая ам.долларыг тэр чигт нь газар чөлөөлөх биш, газар чөлөөлөлтийг бэлэн орон сууцаар солих хэлбэрээр хийх ёстой байсан юм. Тэгж байж л яндан, жорлонгийн тоо бодитоор цөөрнө. Өөрөөр хэлбэл, барилга барих санхүүжилтээрээ газар чөлөөлөлтийг шийдэх нь зөв хувилбар юм.
Үүнээс гадна дулаан, эрчим хүчний асуудлыг барилгын төсөл хэрэгжүүлэгчдэд хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Өнөөдөр дулааны эх үүсвэрүүд нь зөвхөн хотынхоо баруун талд төвлөрчихөөд байна. Зүүн талд газар ашиглах боломж, хүртээмж байвч ганцхан Амгалангийн дулааны станц ажиллаж байгаа нь хангалтгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-Саяхан хуулийн хоёр том хэлэлцүүлэг өрнөлөө. Бизнесийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан суурь хоёр асуудал байгаагийн нэгдүгээрх нь хөрөнгө оруулалтын орчин, удаах нь зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн төсөл юм. Шадар сайд Т.Доржхандын хариуцаж буй ажлын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл орж ирсэн.
Гадаадын хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах нь яагаад цаг үеийн тулгамдсан асуудал болсон бэ гэвэл өнөөдөр Монгол Улсад ядуурлын түвшин 27.8 хувьтай байна.
Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур орлоготой амьдарч байна. Үүнийг дагаад ажлын байрны эрэлт хэрэгцээ ч маш өндөр байна.
Хэрэв татвар төлөгчдийн тоо олширч, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдвэл улсын төсвийн орлого сайн бүрдэнэ. Төсөв сайн бүрдсэнээр иргэдийн цалин хөлс өндөр тогтох боломж бүрддэг. Нөгөөтэйгүүр, үүнтэй зэрэгцээд татварын дарамтыг бууруулах асуудал ч давхар яригдаж, шийдлээ хүлээж байна.
Дэлхий дээр оршин тогтнож буй 200 гаруй улс орон бүгд л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Иймд Монгол Улс өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэг асуултад хариулахын тулд бид өөрсдийн алдаа дутагдлыг бодитоор харах учиртай.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад маш их гомдол мэдүүлдэг ч түүнийг шийдвэрлэлт хангалтгүй байна.
Тухайлбал, олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудын гаргасан эрэмбээр Монгол Улс дараах байрлалд жагсаж байна.
Гомдол, мэдээлэл шийдвэрлэлт үнэлгээнд хамрагдсан 184 улсаас Монгол Улс 94 дүгээрт жагсаж байна. Шүүхийн шатны шийдвэрлэлт хэрэг маргаан шүүхийн шатанд очсон ч хугацаа их алддаг, оновчтой бөгөөд шударгаар шийдвэрлэж чаддаггүй байдлаараа 74 дүгээрт оржээ.
Бизнес эхлүүлэх хугацаа, хүнд сурталд үзүүлэлтээр Монгол Улс бүр 80-аас хойш байна.
Шинэчлэн боловсруулж буй Хөрөнгө оруулалтын гол хуулиар суурь зургаан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Тодруулбал, гадаадын арбитраар шийдвэрлэх гарц. Хөрөнгө оруулагчдаас гарсан гомдол, маргааныг зөвхөн дотоодын арбитрын шүүхээр хязгаарлахгүй, гадаадын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломжийг олгоно. Татварын таатай орчин Монгол Улсад 5-аас доошгүй жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй компаниудад хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамаарч татварын уян хатан, таатай орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан гэрээ хөрөнгө оруулж буй хугацаатай нь уялдуулан эрх зүйн тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулна. Ингэснээр хөрөнгө оруулагчид "Мөнгөө байршуулсныхаа дараа эрсдэлд орж, төр засгийн гэнэтийн шийдвэрээс болоод хөрөнгөө алдчих вий" гэсэн айдас, эрсдэлгүйгээр Монголд итгэлтэйгээр хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна