“Гэр бүлийн хөгжилд 107-хон сая төгрөг байна, бид яаж ажиллах юм бэ?" хэмээн Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр төсөв голон "Сүржигнэсэн" Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын (ХГБХХЕГ) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайханы багыг хуулж, сайхан царайных нь цаадах жинхэнэ төрхийг ил болгоё. УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг 2025.02.21-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилсон байдаг. Түүний эл албан тушаалыг хашиж байхдаа төрийн агентлагийг "Гишүүний ажлын алба" мэтээр ашиглаж, хүүхэд хамгааллын төсвийг зориулалт бусаар, тендергүйгээр компаниудруу урсгаж, төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан багахан баримтуудыг дурдъя.
Б.Баярсайхан олны өмнө "мөнгөгүй" гэж гомдоллож байх зуурт ҮАГ-аас тус агентлагт хийсэн санхүүгийн аудитаар 2,453,071.0 мянган төгрөгийн материаллаг алдаа, зөрчил илрүүлж, "Хязгаарлалттай" дүгнэлт өгчээ. Энэ нь төсвийн мөнгөгүйдээ бус, харин байгаа хөрөнгөө хууль бусаар зарцуулж байгаагийн тод илрэл юм.
Хамгийн ноцтой баримт нь "Аргун студио" ХХК-тай байгуулсан 535,275,000 төгрөгийн шууд гэрээ юм. Б.Баярсайхан нь "Гэр бүлийн виртуал зөвлөх" нэртэй AR контент бүтээх ажлыг тендер зарлахгүйгээр шууд олгосон бөгөөд уг ажлын хүрээнд нэг бүрийг нь 41.9 төгрөгөөр тооцон 977,000 ширхэг QR кодтой стикер хэвлүүлж, зөвхөн стикерт 224,325,000 төгрөг зарцуулжээ. Гэвч аудит шалгах явцад уг виртуал зөвлөх үйлчилгээ нь бодит байдал дээр огт ашиглагдаагүй, стикерүүд нь тараагдаагүй байхад санхүүжилтийг бүрэн олгосон нь төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан гэж дүгнэгдсэн байна. Тус стикер дээрх QR кодыг гар утсаараа уншуулснаар Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын мэдээлэл зөвөлгөөг авах л зориулалттай аж. Монголын хүүхдүүд гудам, тоглоомын талбайд яваад тогонд цохиулдаг, нүхэнд унаж амь насаа алддаг, угаартаж гэр бүлийн гишүүдээ алдаж өнчирч хоцордог гэх мэт харамсалтай явдлууд ар араасаа гарсаар байхад 224 сая төгрөгийг зөвхөн стикер хэвлүүлэхэд зарцуулсанд халагламаар.
Түүнчлэн төрийн байгууллагыг хувийн зорилгоор ашиглаж байгаагийн нэг илрэл нь Шилэн дансны тухай хуулийн ноцтой зөрчил юм. Аудитаар тус агентлаг нь:
УИХ-ын гишүүний суудлаас агентлагийн даргын суудалд шууд шилжсэн Б.Баярсайхан нь "Мэргэшсэн төрийн алба"-ыг "Хувийн баг"-аараа сольж эхэлжээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр 15 мэргэшсэн албан хаагчийг чөлөөлж, оронд нь төрийн албаны шалгалт өгөөгүй, тусгай шаардлага хангахгүй иргэдийг удирдах албан тушаалд томилж, төрийн албанд нэгч өдөр ажиллаж үзээгүй, ерөнхий шаардлага ч өгөөгүй этгээдүүдийг сонгон шалгаруулалтгүй шууд томилж, зарим нэгийг нь бүүр шууд ахлах мэргэжилтнээр томилсон байна. Энэ нь төрийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар бус, улс төрийн хүрээллийн хүмүүсээрээ дамжуулан "хувийн ажлын алба" мэтээр ажиллуулж байгаагийн нотолгоо юм.
Хүүхэд хамгааллын мөнгөөр өөрийн PR-т зориулж 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 64.3 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулж буй Б.Баярсайхан даргын үйлдэл нь Төрийн хэмнэлтийн хууль болон Шилэн дансны хуулийг системтэйгээр зөрчиж байгааг ҮАГ-ын албан шаардлагууд илчилж байна. Төсөв голж, олны анхаарлыг татах "жүжиг" тоглохын цаана хүүхдийн мөнгийг "виртуал" зөвлөх нэрээр үр дүнгүй урсгаж байгааг хуулийн байгууллагууд шалгах цаг болжээ. Эцэст нь хэлэхэд энэ их үр дүнгүй зарцуулсан мөнгийг бяцхан үрсийн ээж, аавууд цаг наргүй ажиллаж татвар төлж улсад өгч байхад хүүхдүүд нь аюултай, эрсдэлтэй орчинд амьдарсаар, ар араасаа тэнгэрт дэвшсээр. Төрийн агентлагт намын журмаар нэг дарга очоод дураараа аашилж, гарын салаагаараа 535 сая төгрөгийг контент бүтээх, стикер хэвлэх гэх мэт үр дүнгүй зүйлд зарцуулсанд хэн хариуцлага хүлээлгэх вэ? Энэ бол төрийн байгууллагууд цахим хөгжил гэх нэрийдлээр үр дүнгүй зүйлд их хэмжээний мөнгө зарцуулсаар байгаагийн нэгхэн илрэл юм.
Asu.mn сайт УИХ-ын Гишүүн асан Б.Баярсайханы төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан баримтуудыг цувралаар хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна