Олон улсын хүүхдийн загварын шоуны шүүгч С.Тэмүүлэн: Тэмцээнд идэвхтэй оролцож, хоббитой байх нь зөвхөн шагнал авдаа бус хүүхдийн зан харилцаанд эергээр нөлөөлдөг юм билээ

А.Булганчимэг
2026/06/08

Хүүхдийн баяр гэдэг гоёмсог даашинз өмсөн паркд тоглох, өнгө өнгөөр алаглах ууталсан бэлэгт багтахгүй. Эрүүл аюулгүй орчинд бие, сэтгэл зүйн хувьд айдасгүйгээр нийгмийн харилцаанд орж, өсөж хүмүүжих явдал билээ. Хэдийгээр хүүхдийн баяр дуусаад долоо хонож байгаа ч бид өдөр тутамдаа тэдний үзэл бодол, санаа зорилгыг сонсож эргэцүүлэх хэрэгтэй. Иймд Asu.mn сайтаас бэлтгэн хүргэдэг “My Career” нэвтрүүлгийн шинэ дугаараар Олон улсын хүүхдийн загварын шоуны шүүгч, Singapor school of Mongolia сургуулийн сурагч 13 настай С.Тэмүүлэнтэй ярилцсанаа хүргэж байна.

 “Хүүхдийн эрх гэдэг зөвхөн биед халдахаас гадна аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж би боддог. Саяхан Заамар суманд хүүхэд унасан харамсалтай хэрэг бол хүүхдийн эрхийг зөрчсөн том жишээ” гэж нийгмийн асуудлыг гярхай дүгнэн хэлэх С.Тэмүүлэн Олон улсын хүүхдийн загварын шоуны шүүгч юм. Тэрбээр 2022 онд есөн настайдаа Дубайд болсон “Little miss&mister universe” гэх олон улсын хүүхдийн загвар, гоо зүйн тэмцээнд оролцож, загварын ертөнцөд эргэж буцалтгүйгээр дурлажээ. "Little Miss & Mister Universe 2026" урлаг загварын их наадам өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Санья хотноо 22 дох жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын хүүхэд залуус өндөр амжилттай эх орондоо ирсэн. Тэгвэл уг тэмцээний оролцогчдыг С.Тэмүүлэн хүү шүүж, олон улсын шүүгчийн эрхээ амжилттай авчээ.

С.Тэмүүлэн: Шүүгч нар дундаасаа би ганцаараа 13 настай байсан. Бусад шүүгчид бүгд насанд хүрэгчид байсан. Бусдад оноо өгөх хэцүү санагдсан. Тус тэмцээнд нэгдүгээрт загвар өмсөгчдийн ахлааг, хоёрт хувцаслалт, гуравт зан чанар, дөрөвт нүүр царай, тавт авьяасыг нь шүүн оноо өгсөн. Ер нь эрэгтэй модель ховор байдаг тул ялах магадлал өндөр.

Саяхан энэ тэмцээнд шүүгчээр явснаас хойш өөрийн мэргэжлээ тодорхойлж чадсан. Би загварын шүүгч эсвэл жүжигчин болох хүсэлтэй байгаа. Дөрвөн жилийн өмнө би Дубайд болсон Little Miss & Mister Universe тэмцээнд оролцохдоо үндэсний хувцас, чөлөөт хувцастай явж, авьяасын үзүүлбэртээ бүжиг бүжиглэсэн. Мөн тэмцээнд танилцуулгын видео өндөр үнэлгээ авдаг. Би Тэрэлжид үндэсний хувцастайгаа морь унаж, Англи хэлээр өөрийгөө танилцуулсан видео хийсэн. Мөн бүжгийн үзүүлбэрээ хичээж бэлдсэн тул эдгээрийн тусламжтай би тус тэмцээнд тэргүүн байр эзэлж байв. Олон тэмцээнүүдэд явахад гадаад хэл ээ сайн сурах хэрэгтэйг ойлгож, Англи хэлдээ шамдан сурсан. Саяхан Саньяд болсон тэмцээндээ олон орны хүүхдүүд, шүүгчидтэй Англиар харилцан ярьж, амжилттай шүүгч хийгээд ирсэн. Тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож эхэлснээс хойш миний харилцан ярианы ур чадвар дээшилсэн. Бага байхдаа ичээд аль болох дуугүй байдаг байсан бол одоо харилцаанд нээлттэй болсон. Тэмцээнд идэвхтэй оролцож, өөрийн гэсэн хоббитой байх нь зөвхөн шагнал авахаас илүүтэй хүүхдийн зан харилцаанд эергээр нөлөөлдөг болохыг мэдсэн.

 Саяхан хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр болсон. Миний бодлоор хүүхдийн эрх гэдэг бие махбод, сэтгэл санааны түвшинд аюулгүй өсгөх орчныг бүрдүүлэх юм. Мөн дээрээс нь зөвхөн томчууд биш хүүхдүүд өөрийнхөө эрхийг хамгаалж сурах хамгийн хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайлбал, Шангриллад нэгнийгээ дээрэлхдэг шиг явдал хүүхдүүдэд тохиолдвол хамгийн эхэнд эвгүй байдалд орж, орилоод ч хамаагүй бусдаас тусламж гуйх, цаашлаад асран хамгаалагчдаа заавал хэлж, тэдэнд хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдүүдэд багаас нь өөрийгөө өмгөөлөх, хамгаалах үйлдлийг зөвөөр заан сургах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Намайг үзэж байгаа хүүхдүүд байвал нэгнийгээ битгий дээрэлхээрэй гэж уриалмаар байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна