Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Admin
2026/06/05

Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ өнөөдөр /2026.06.05/ боллоо.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд оролцож хамтын ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Уулзалтаар улсын онц чухал объектын хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, хамгаалалтын цогц системийг хөгжүүлэх, харуул хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцож, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт, аюултай бодисын хадгалалт, ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн хяналтын систем, дундаж хурдны камер, хяналтын пост зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ойжуулах, агропаркийн бүтээн байгуулалтыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна