“Хүлээж бай гэсэн чинь хөл рүү орчихлоо” гэдэг Дархан аварга Ж.Мөнхбат агсаны дүлий цэрэгтэй хоёрын даваанд таарч, өвдөг шороодсон онигоо шиг үүрэгт ажлаа аваад 100 хоногоо ч үзээгүй байгаа залуу Ерөнхий сайд Н.Учрал “дүлий цэрэг” шиг л улс төрийн шийдвэр ар, араас нь гаргаж байх ажээ. “Хэн юу ч гэж хэлсэн надад хамаагүй. Архины ширээний ард улс төрийн шийдвэр гаргахгүй учраас намын ах нар над руу яриад дэмий дээ” хэмээн чуулганы индрээс зоригтойхон мэдэгдэж байгаад л халдашгүй гэж бодсон бүлэглэл, улстөрчдийн халаасыг тэмтэрч, эрх ашгийг хөндөх олон галтай шийдвэрийг улс төрийн эр зоригоор гаргачихлаа даа хэмээн олон нийт харж, үнэлж эхэллээ. Эсрэг талд нь харин бүлэглэл, фракциуд ууртай байна. Учир нь Н.Учралыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын албыг жилийн хугацаанд гэрлийн хурдаар дамжихад нь олон хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн юм байна гэж хардаж байсан нь үнэн. Хотын экс дарга Х.Нямбаатар ч “Чи бидний амжилт дээр сагаж яваа бацаан” хэмээсэн нь энэ бүхэнд өөрийн дэмжлэгээр хүрч чадаагүй шүү гэсэн үл тоомсорлол, тохуурхал байсныг нуух юун.
Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж хэлсэн үг нь олон жил улс төрд түүнийг егөөдөх шалтгаан болж, “утсан хүүхэлдэй” төдий л бэлгэдлийн Ерөнхий сайд байх биз гэсэн үл тоомсорлолыг бий болгочихсон хэрэг л дээ. Гэвч Н.Учрал эхний 60 хоногтоо л улс төрд хэний ч ар талын дэмжлэггүй “тод” дүр гэдгээ харуулж, онож алдаж, унаж боссоор улс төрийн энэ том тавцанд өөрийн чадвар, чадлаар ирж чадсан юм шүү гэдгээ дуу шуутайхан зарлаж байна уу даа хэмээн тоож суугаа хэрэг л дээ.
Заримдаа энэ олон галтай шийдвэрүүд эргээд өөрт нь лай дуудах вий гэж эмээхээр. Намынхаа ахмад, туршлагатай улстөрчдийн ногоон гэрэл, дэмжлэгийг авахгүйгээр, тэдний утасны дуудлагад тал засаж хариулахгүйгээр, аминчлан захисан ажил албыг нь биелүүлэхгүйгээр, ах дүү, амраг садан, туслах зөвлөхийнх нь түр орогнох байр, үүр оромжийг нь хамгаалж суухгүйгээр, тэдэнд тендер, зээл бүтээж өгөхгүйгээр том улс төрд шинэ үеийн залуус ингэж гэрлийн хурдаар урагшилж байсан удаагүй юм. Тэдний нөмөр түшиг дор л крандуулж, карьер өгсөж ирсэн тогтсон дүрэм энэ намд бий гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэн ч энэ дүрмийг зөрчихгүй ягштал дагана хэмээн хөшигний ард ам тангараг өргөж, 100 хувиар гар өргүүлэн рингэн дээр гарч ирдэг байлаа. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал энэ бүхний эсрэг сөрж зогсохоос гадна хүлээж бай гэж хэлсэн ах нарынхаа хөлд нь орж суугаад аваад “шидчихлээ”. Тэр хэрээрээ ч өөртөө зуу, зуун дайснууд бэлтгэж эхэллээ.
Дөнгөж өчигдөрхөн хуралдсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр хотын А зэрэглэлд байгаа байшинг хүүхдэд өгнө гэдгээ зарлачихлаа. Олон хүн үүнд нь дургүйцлээ. Газрыг нь үнэд хүргэж, таван одтой зочид буудал барих гэж байхад мань Н.Учрал “Энийг хүүхдүүдэд өгнө өө. Тэнд мөнгөтэй, эрх мэдэлтэй томчууд архидаж, ар өврийн хар хороо найруулдаг биш хүүхдийн дуу хуур, инээд хөөр цацарч байг” гэж алх цохичихоор хэний ч уур хүрэх нь тодорхой биз дээ. Ханцуй дотроо наймаалцаад хуваагаад хүртчихсэн байсан хүүхдийн зуслангийн газруудыг шалгана аа гээд хэлчихээр “Н.Учралыг улс төрөөс зайлуулъя. Засгийн газар нь ганхаж байна, ах нар нь араа шүдэндээ зуучихжээ” гэж мэдээ явуулъя гэж уурлах нь бас тодорхой биз дээ. Хэрвээ түүнд ах байсан бол, ар тал байсан бол Монгол Улсад тусдаа вант улс байгуулчихсан Х.Нямбаатарыг нөөцийн махаар унагаж чадахгүй бөлдөгдүүлэх байлаа. Нүүрсний хулгайн сүүдэр дагуулсан, нам дамнасан ах нарын сүлжээтэй А.Амундраг зайлуулж дөнгөхгүй байлаа. Үндсэн хуулийн дээр сандайлан сууж, төрийн эргэлт хийх гэж байсан Д.Амарбаясгаланг Х.Булгантуяатай нь хамт зайлуулна аа гэж хэлэх зориг зүрх гарахгүй л байлаа.
Тэгвэл Н.Учралын Засгийн газрын хамгийн сүүлд өгсөн том мессеж нь төрийн өмчит компаниудын бүтцийн цомхотгол байв. Намын шахаа, үр ашиггүй албан тушаал үйлдвэрлэгч, товчхондоо “том ах” нарын ах дүү, амраг садан, үр хүүхдийг орогнуулдаг байсан төрийн өмчит сэтэртэй төрд хэрэггүй шахам 10 гаруй компаниудыг татан буулгана гэж алх цохисон нь томчуудын уурыг барж, уушгийг сагсалзуулах улс төрийн галтай шийдвэр болоодхов. “Над руу энэ асуудлаар ярих хэрэггүй шүү. Би асуудлаа, ажлаа мэднэ” хэмээгээд эрслэн цохисон энэхүү шийдвэр ердөө арав гаруй хоногийн дараа албажина. Тэр болтол энэ улсад дахиад л Н.Учрал шиг муу хүн, муухай дүр, муужруулсан Ерөнхий сайд байхгүй гэх троллын ажиллагаа идэвхжих нь тодорхой. Утас нь лавтай өдөрт зуун удаа дуугарах нь бүр ч тодорхой. Энэ бүхний цаана зөвхөн бүтэц цомхотгох асуудал ч бус төрийн өмчит компаниудад үүрлэсэн улс төрийн нөлөөллийг таслах, тэдний хоолоо олж иддэг, улс төрийн санхүүжилт босгодог үүр овоохойг эхнээс нь шат дараатай нураах том амбиц байгаа учраас “Ах нарынхаа утсыг авуузай. Эхлүүлсэн том ажлынхаа дундаас бууж өгөв өө” хэмээн Н.Учрал руу харин энэ өдрүүдэд утас цохихсон. Захын нохойнд ч уруулж мэдэх зоригтой мэдэгдлүүд нь түүнийг бүдэрч унах цагт хүлээж отох зэвсэг болно гэдгийг ч мэдэж байгаа ч Ерөнхий сайдын албанд ирсэн цагаасаа хойш хийсэн улс төрийн томоохон мэдэгдлүүд нь “Овоо зоригтой залуу юм гээч” гэсэн иргэдийн органик дэмжлэгийг түүнд нэмсэн үү гэхээс бууруулсангүй гэдгийг нийтлэлийн төгсгөлд онцлох нь зөв байх. Эцэст нь хэлэхэд, Монголын улс төрд удаан хугацаанд оршин тогтнож, нэг засгаас нөгөө засаг руу нүүж үүрээ засаж байсан бүлэглэлүүдийг хөдөлгөж чадсан түүний эр зоригт алга ташъя. Бүлэглэлийн эсрэг зодолдож, мишок болсон ч буулгаж чадаж буй улс төр яг одоо галтай, дөлтэй өрнөсөөр байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлт харин бодит шинэчлэл үү, эсвэл дараагийн том бүлэглэл, эрх мэдлийн хуваарилалт руу явуулах уу гэдэгт “Миний ард эзэн байхгүй. Над руу утасдах хэрэггүй” гэсэн үгээрээ хариулт өгнө гэж найдаж байна шүү, Ерөнхий сайд аа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна